Өндөр барилга дагаж өссөн бизнес www.bloombergtv.mn
Улаанбаатар хотод өндөр, шилэн барилга нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан цэвэрлэгээний бизнес хүрээгээ тэлсээр байна. Тухайлбал, 2014 онд өндөр барилгын гадна талыг цэвэрлэх бизнесийн зах зээлийн хэмжээ 350 мянган м.кв байсан бол 2018 он гэхэд 50 хувиар өссөн гэж “Sky Professional” компаниас мэдээллээ.
Зах зээлийн тэлэлтийг дагаад компаниудын тоног, төхөөрөмж, хүний нөөц, технологид дэвшил гарч байгааг онцолсон юм. Энэ төрлийн бизнесийн хүний нөөц өндөрт, олсон дээр ажилладаг учраас нарийн мэргэшил шаарддаг байна. Нэг хүний өдрийн бүтээмж 200-500 м.кв байдаг бөгөөд мэргэшсэн ажилчин 400-500 м.кв талбайг цэвэрлэдэг ажээ. 2016 онд байгуулагдсан “Uniservice” компани эхний жилдээ 150 мянган м.кв талбай цэвэрлэж байсан бол энэ жил 200 мянга болж өсжээ.
Зах зээл өсөлттэй байгаа шалтгаан нь сүүлийн жилүүдэд баригдсан барилгуудтай холбоотой аж. Тухайлбал, “Shanri-La Mall” 40 мянган м.кв, “Сentral Tower” 23.4 мянган м.кв, “Khan Bank Tower” 19 мянган м.кв гадаргуутай. Мөн “Zaisan Hill”, “Encanto” зэрэг томоохон барилгууд зах зээлийн хэмжээ тэлэхэд нөлөөлжээ. 5000 м.кв-аас дээш барилгын тоо цөөхөн хэдий ч нийт зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа юм.
Үнийн хувьд бохирдлын зэрэг, ашиглах тоног, төхөөрөмж зэргээс хамаарч м.кв нь 1000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. “Sky Professional” компани зөвхөн шилэн биш хөнгөн цагаан, төмөр, чулуу, плита, PVC-ээр хийгдсэн гадаргууг цэвэрлэдэг гэж мэдээллээ. Энэ салбарт “Метр квадрат”, “Өнгөлөг хот” зэрэг 4-5 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Нийтэлсэн огноо2018-06-20