“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ www.medee.mn
Энэ сарын 15-ны шөнө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулж байсан, Турк улсын иргэнийг баривчилжээ. Тодруулбал, Турк улсын иргэн нь 2016 оноос хойш Монгол Улсад хуулийн дагуу зөвшөөрөл авч цагаачлан амьдардаг нэгэн аж.
Тэрээр монгол эмэгтэйтэй гэрлэж, нэг хүүхэдтэй болжээ. Хар тамхины төрлийн ургамал тарьж байсан гэх Турк улсын иргэн 38 настай М нь Монгол Улсад ирсэн цагаасаа хойш хар тамхины төрлийн ургамал болох каннабис тарьж, ургуулж байсныг албаныхан мэдээлэл цуглуулан баримтжуулжээ.
Цагдаагийнхан сэжигтэн М-ийг Баянзүрх дүүргийн 16-р хороо, “Амгалан” хотхоноос дайчлан баривчилсан байна. Хэргийн газарт очиход Турк улсын иргэн М нь гэрийнхээ нэг буланг ургамал тарихаар тусгайлан тохижуулсан байсан аж. Тухайлбал, хөргөгчний өндөр цаасан хайрцгийн дотор талыг мөнгөлөг өнгийн цаасаар бүрж, дотор талд нь тусгай гэрэл тавьж, бэлдсэн хайрцагтаа ургамлаа ургуулдаг байжээ.
Одоогийн байдлаар сэжигтнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд тухайн ургуулсан хар тамхины төрлийн ургамлаа өөрөө хэрэглэдэг, зарж борлуулдаг байж болзошгүй учраас нарийн шинжилгээ явуулж эхэлсэн байна.
Мөн түүний эхнэр болох монгол эмэгтэйд зохих журмын дагуу гэмт хэргийг нуун далдалсан гэх үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авах аж. Улмаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулсан, зарж борлуулсан, хууль бусаар хэрэглэсэн, хадгалсан гэх зэргээр ял шийтгэл ногдуулах юм.
У.УРАНЦЭЦЭГ
Нийтэлсэн огноо2018-11-17