ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 8.1 хувьтай гарлаа www.eagle.mn
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 8.1 хувь гарсны 2.1 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Тухайлбал,
Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь),
Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх сараас 1.7 хувиар өсөхөд хувцас,бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийтэлсэн огноо2024-12-11