Нууцад авсан "Эрдэнэс Оюу толгой"-н 20 сая долларын зарцуулалтын баримтыг дэлгэлээ www.itoim.mn
Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой компани рүү шилжүүлсэн 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой асуудлыг улсын нууцад авсан байсныг өмнө нь мэдээлсэн. Энэ мөнгөний зарцуулалт, гэрээнүүдийг ил болгохыг 2025 оны ёсдүгээр сарын 24-нд Засгийн газрын хуралдаанаар шийдэврлэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон байдаг. Тэгвэл энэ асуудал нь улсын нууцад хамаарахгүй буюу Байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу байгууллагын нууцын тамга тэмдэг ашигласныг анхааралдаа авна уу гэдгийг ТЕГ-аас зөвлөмж байдлаар хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь анхнаасаа улсын нууцад хамаарахгүй байсан байхад хууль зөрчиж нууцад авсан байжээ.
Б.Энхбаяр 2025 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоныхоо дараа энэхүү асуудлыг илүү өргөн хүрээнд нягталсан байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр Эрдэнэс Оюу толгойн 20 сая ам.долларын зарцуулалттай холбоотой их хэмжээний баримт бичиг нууцын тамгатай байсан байна. Тиймээс Б.Энхбаяр сайд 2025 арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хууль тогтоомжийн дагуу ажлын хэсэг байгуулж, нууцын тамгатай материалуудад дүн шинжилгэээ хийж, дүгнэлт гарахаар шийдвэрлэжээ. Тухайн өдөртөө багтаад "Эрдэнэс Оюу толгойтой холбоотой 130 хуудас нууцын тамгатай материалд дүн шинжилгээ хийж, ил болгох асуудлаар санал дүгнэлт гаргана уу" хэмээн Тагнуулын ерөнхий газарт хандсан. Тагнуулын байгууллагаас 11-р сарын 7-ны өдөр "130 хуудас бүхий нууцын тамгатай материалыг ил болгохыг дэмжиж байна" гэдэг бичгээ ирүүлсэн байна.
Өчигдөр буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 11-ий өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар Эрдэнэс Оюу толгойтой холбоотой Хэрэг эрхлэх газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрийг нууцаас гаргахаар шийдвэрлэжээ. Тиймээс өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Оюу толгой компаниас Эрдэнэс Оюу толгой ХХК-д шилжүүлсэн 20 сая ам.долларыг хэрхэн зарцуулсан зарим баримт мэдээллийг дэлгэв.
Эрдэнэс Оюу толгой компанид шилжүүлсэн 20 сая ам.долларыг 11 багц гэрээний хүрээнд зарцуулсныг дэлгэлээ. Зарим гэрээг танилцуулбал:
Маурис гэх хувь хүнтэй 2021 оны аравдугаар сарын 1-нээс 2022 оны аравдугаар сарын 31-ний хооронд нэг өдрийн ажлын хөлсийг 5500 фунт, сард 55,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар байх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 715 мянган фунт стерлингийн гэрээ хийж, шилжүүлсэн.
Ричард Боули гэх иргэнтэй өдрийн 2200 фунт, сарын 33,000 фунт, бонус нь 3 сая ам.доллар. Бонусын төлбөрийн 15 хүртэлх хувьтай тэнцэх төлбөрийг захиалагч өөрийн үзэмжээр олгож болно гэж гэрээндээ заасан. Нийт 420 мянган фунт стерлингийн гэрээ хийсэн.
Эрдэнэс Оюу толгой компани Аттикус гэж компанитай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. Эхний зургаан сар 500 мянган ам.доллар шилжүүлсэн. Үүнээс 305 мянган ам.доллар нь халааснаас гарах шууд зардал (pocket money) нэртэй байсан.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд Аттикус компанитай дахин 500 мянган ам.доллар шилжүүлсний 320 мянган ам.доллар нь халааснаас шууд гарах зардалд гаргасан.
Аттикустай 2023 оны гуравдугаар сарын 16-нд дахин гэрээ хийж, 200 мянган ам.долларыг шилжүүлсэн.
Аттикустай 2023 оны аравдугаар сарын 1-нээс 2024 оны долдугаар сарын 1 хүртэл дахин 500 мянган ам.доллароор гэрээлсэн. Үүний 140 мянган ам.доллар халааснаас шууд гаргах зардал.
Аттикус гэх компанид нийтдээ 1.170 сая ам.долларын гэрээ байгуулсны 770 мянган ам.доллар нь халааснаас гарах зардал гэсэн нэртэй гэрээ байжээ.
Ажлын хэсгийн дүгнэлт: Эдгээр гэрээний хүрээнд, Дэлхийн эдийн засгийн форум, дэлхийн наадам, invest mongolia цуврал арга хэмжээ, Оюу толгойн олон улсын нэр хүндийг нэмэгдүүлнэ, Монгол Улсыг дэлхий дахинд ардчилал, хууль дээдлэх зарчим, сайн засаглалын шилдэг туршлагыг хэрэгжүүлдэг талаар сурталчилна, хэвлэлийн албаны дэмжлэг, сэтгүүлчидтэй харилцана,Эрдэнэс Оюу толгойг олон улсад сурталчилна гэсэн ерөнхий нөхцөлтэй, гэрээ гэж хэлэхэд хэцүү бичиг баримт үйлдэгдсэн. Яагаад хэцүү гэж байна гэвэл хоёр талд харилцан зуралцсан, санал солилцсон гэрээний нөхцөлгүй, тэр байтугай гүйцэтгэх захирлын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэй нөхцөлүүд тодорч байна гэж дүгнэжээ.
Мөн Аттикус компаниас гэрээний 4 удаагийн тайлан ирүүлжээ. Үүндээ,
Монгол хаан жүжгийг олон улсад сурталчилсан гэдэг тайлан ирүүлсэн байна.
Ажлын хэсгийн дүгнэлт: Хэрвээ Эрдэнэс Оюу толгой компаниас шилжүүлсэн мөнгөөр Аттикус компани Монгол хаан жүжгийн олон улс дахь сурталчилгааг хийсэн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий, ашиг сонирхол нэгтэй компаниа санхүүжүүлсэн зөрчилд орно. Мөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдэл, үйл баримт нотлогдоно гэсэн үг.
Мөн Ерөнхий сайдын гадаад айлчлалуудыг зохион байгуулсан гэдэг тайлан ирсэн. Тэр байтугай Англи улсад бүртгэлтэй, хоёр хүний эзэмшилтэй Аттикус гэх энэ компани Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Соёлын сайдын гадаад айлчлалыг зохион байгуулж, хэлэх үгийг нь бэлдсэн, Wikipedia-г нь янзалж өгсөн гэдэг тайланг ирүүлжээ.
Ажлын хэсгийн дүгнэлт: Монгол Улсын ҮАБЗ-ийн гишүүдийн хэлэх, хаашаа айлчилж, хэнтэй уулзах нь маш нууцын зэрэглэлтэй асуудалд багтдаг. Мөн Гадаад харилцааны яамнаас огт ийм асуудал гараагүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр энэ нь ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.
Ч.Номинтой холбоотой баримтыг хуулийн байгууллагаар шалгуулна
Соёлын сайд асан Ч.Номингийн баталсан тогтоолыг Б.Энхбаяр мөн гаргаж тавьсан. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог 2024 оны нэгдүгээр сарын 30-нд Засгийн газраас байгуулсан. Энэ хорооны тогтоолоор "Тамгагүй төр" жүжгийг олон улсад тоглуулахад дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ тогтоолд тусгасан арга хэмжээнд хэдэн төгрөгийг гаргасан бэ гэдэг санхүүжилтийг хөөж үзэж байгаа. Энэ үндэсний хорооны үйл ажиллагаанд зориулж 2024 онд нийтдээ 6.2 тэрбум төгрөг төсвөөс гаргасан байна. 2025 онд 201 сая төгрөг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар 6.5 тэрбум төгрөг энэ тогтоолын дагуу санхүүжигдсэн байна. Энэ санхүүжилтийг нэг бүрчлэн хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өгч байгаагаа мэдэгдлээ.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-11-12





