Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах хүсэлтийг АН-аас Н.Учралд хүргүүлэхээр болжээ www.eguur.mn
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдав. Даруй Зэвсэгт хүчний Жанжин штабаас "цэрэг таталт өгч ухаан алдсан, эмнэлгийн тусламж авч байхдаа амиа алдсан" гэж худал мэдэгдэл гаргав. Мөн Д.Батлут "Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна" гэж мэдэгдсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулав.
Үүний дараа ЗХЖШ, Д.Батлут нар талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлж уулзав. Нэг талаасаа нэрээ бодов, нөгөө талд сөрөг хүчний намаас хүчтэй шүүмжилж, сайдын суудлаас нь буулгах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлэх сургаар очин цомцойн суусан нь тэр.
|2026.05.21|-ний чуулганаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Зүрх шимшрүүлсэн үйл явдал Монголд тохиолдож байна. Цэргийн анги дээрээ цэрэг амь насаа алддаг хэрэг. Өнөөдөр Баянхонгор аймгийн цэргийн ангид ийм зүйл боллоо. Эмнэлэг очиж хүнээ аваагүй байна. Сахилга хариуцлагын асуудлаа ярь, Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Ингээд сууж байгаа нь гунигтай, муухай харагдаж байна" хэмээсэн. Мөн сөрөг хүчний намын зарим гишүүдийн зүгээс "Цэрэг амиа алдсан асуудалд сайд нь хариуцлага хүлээх ёстой" гэх байр суурийг илэрхийлсээр буй билээ.
Улмаар ирэх даваа гарагт Ерөнхий сайд Н.Учралд Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах хүсэлтийг АН-ын бүлгээс гаргах гэж байгаа аж.
Ташрамд дурдахад, тэрбээр Н.Учралын Засгийн газарт улиран суухдаа |2026.04.04| үүрийн 04.00 цагт яамныхаа удирдлагуудаа дуудаж, улаан хивс, хүндэт харуулуудаа жагсааж байгаад өөрөөсөө тамга тэмдэг, ажлаа хүлээж авсан нь олон нийтийн ундуйцлыг хүргэж байв.
Д.Батлут бол Архангай аймгийн Хашаат суманд төрсөн ч, Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул хэмээн бичигдэж байж. Төрийн ажилд гараа хутгаагүй, залуу явахдаа бүжгийн “Алтан утас” хамтлагийг үүсгэн байгуулсан бол ШУТИС-ийн оюутан байхдаа цэнгээнт бүжгийн “Смайл” хамтлагийг байгуулж байж. “Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, “Дэлхийн Зөн Монголд” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн газрын Харилцаа барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байсан. 2020 оны сонгуульд Ц.Нямдоржийг унагаж, УИХ-ын гишүүн болсон гэдгээрээ олонд танигдсан. Өөрийгөө төрийн мерит зарчмаар гарч ирсэн цөөхөн улстөрчийн нэг гэж тодотгох дуртай юм билээ.
Орхон аймгийн МАН-ын хорооны дарга байхдаа “Эрдэнэт секьюрити” компанийн захирлыг зодсон хэрэгт бичигдэж байж.
2023 оны хоёрдугаар сард тойрогтоо ажиллахдаа иргэдэд мөнгө тараасан гэх дуулианд холбогдсон.
2020 оны сонгуулийн үес эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байсан.
Орхон аймагт Засаг дарга байсан гэсэндээ өдгөө томилгоонууд хийдэг гэдгээрээ олны анхаарлыг татдаг. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-т эхнэр хүүхдүүдээс нь эхлээд ажилладаг. Эрдэнэтэд ноёрхол тогтоосон гэгддэг.
Хамгийн сүүлд мэдүүлсэн ХОМ нь
Жилийн 48.9 сая төгрөгийн орлоготой,
гэр бүлийн орлого нь 36.2 сая төгрөг
нэг автозогсоол, нэг орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд үнэлэгдэх үнэ нь 180 сая төгрөг
20 сая төгрөгөөр үнэлэгдэх “Toyota Prius XW50” машинтай
37 сая төгрөгөөр үнэлэгдэх таван хошуу малтай. адуу-25, үхэр-16, ямаа-60, хонь-70
1.5 сая төгрөгийн үнэтэй, эзэмших эрхийн 0.14 га газартай
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 84.9 сая төгрөгийн хадгаламжтай
Төрийн банкны 20 сая төгрөгийн зээлтэй
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2026-05-24





