НТБГ: Нийтийн тээврийн бэлэн төлөлтийн орлого ₮2 тэрбум хүрэв www.bloombergtv.mn
Одоогоор хэрэглээнд нэвтэрсэн байгаа “U-Money” карт хэвийн ашиглагдах бөгөөд автобуснаас буухдаа картаа уншуулаагүй бол дамжин суух боломжгүй болж, дахин 1000 төгрөг төлнө
2025 оны нийслэлийн төсөвт автобус үйлчилгээний орлогыг 120 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаад байна. 2024 оны төсөвт нийт 31 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээр тооцоолсон бөгөөд сүүлийн хагас жилийн хугацаанд зөвхөн бэлэн төлбөрийн орлого хоёр тэрбум төгрөг болжээ. Харин арилжааны банкны картын төлбөрийн орлого өнгөрсөн оны сүүлийн хагас жилд 300 гаруй сая төгрөг хүрсэн байна.
Нийтийн тээврийн үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсныг Нийтийн тээврийн бодлогын газар онцолж байв. Түүнчлэн автобуснуудыг камержуулснаар иргэдийн бэлэн төлөлтийн орлого нэмэгдэж байгааг мэдээлсэн юм.
Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн нийтийн тээврийн автобусаар зорчих төлбөр 1000 төгрөг болохоос гадна шинэ “UBCard” аппликэйшн хэрэглээнд нэвтрэхийг Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ. Одоогоор хэрэглээнд нэвтэрсэн байгаа “U-Money” карт хэвийн ашиглагдах бөгөөд автобуснаас буухдаа картаа уншуулаагүй бол дамжин суух боломжгүй болж, дахин 1000 төгрөг төлнө. Харин “UBCard”-ийг ашигласнаар автобуснаас буухдаа заавал карт уншуулах шаардлагагүй юм байна.
2023 оны гуравдугаар сарын 29-ны Засгийн газрын тогтоолын дагуу оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих зохицуулалттай байсан бол энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хөнгөлөлттэй зорчих боломжгүй болсон юм. Энэ дагуу оюутнууд төлбөрөө төлж зорчих бол ахмад настнууд харьяалал харгалзахгүй үнэгүй зорчино. Харин хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм байна.
Одоогийн зорчих өртгийг 1000 төгрөг болгож нэмэгдүүлж буй нь бодит өртөг 2100 төгрөгөөс бага байгааг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал онцлов.
“Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын нэгнээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой” гэж Нийтийн тээврийн бодлогын газар мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-01-31