1 PETRO MATAD BEGINS HERON-1 TESTING IN MONGOLIA WWW.WORLDOIL.COM PUBLISHED:2019/10/16      2 EBRD SUPPORTS GOLD MINING IN MONGOLIA WWW.EBRD.COM PUBLISHED:2019/10/16      3 CHINA, MONGOLIA SHARE DEVELOPMENT GOALS AFTER 70 YEARS OF DIPLOMATIC RELATIONS WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2019/10/16      4 THE PRESIDENT OF FIFA TO ARRIVE MONGOLIA TODAY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/16      5 DOMESTIC MANUFACTURERS PRODUCE COSMETICS WORTH MNT 4 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/16      6 RUSSIA & CHINA TO BUILD WORLD’S LARGEST PETROCHEMICAL PLANT WWW.RT.COM PUBLISHED:2019/10/16      7 TOTAL FOREIGN TRADE TURNOVER INCREASES BY 9.5 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      8 SALES OF INDUSTRIAL PRODUCTION INCREASE BY 14.3 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      9 TAX REVENUE INCREASES BY 21.2 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2019/10/15      10 MONGOLIA TO INCREASE NUMBER OF CIVIL SERVANTS WWW.NEWS.MN PUBLISHED:2019/10/15      ГВАН-ИЙН ХЭМЖЭЭ ҮАБ-ЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС 27.5 ХУВИАР БАГА БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     2020 ОНД МОНГОЛ БАНК ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ГАРАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.BOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 73.2 МЯНГАН ИРГЭНИЙ 0.04 ХУВЬ НЬ Л АЖЛЫН БАЙРТАЙ БОЛЖЭЭ WWW.ZGM.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     ҮЙЛДВЭРИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГИЙН ЗАРЛАГА 2.9 ДАХИН ӨСЖЭЭ WWW.IKON.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГО ЭХНИЙ ЕСӨН САРД 7.0 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛСОН НЬ УЛСЫН ТӨСВИЙН 81%-ИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     УЛААНБААТАР ХОТОД ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД 10.5% ӨСЖЭЭ WWW.IKON.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/15     ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРВОЛ ЯМАР ЭРСДЭЛ ҮҮСЭХ ВЭ? WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2019/10/15     "ЭРДЭНЭС АЛТ РЕСУРС " ХХК КАЗАХСТАНЫ "СЫМБАТ ИНЖИНИРИНГ"-ТЭЙ ХАМТРАН АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА WWW.BLOOMBERGTV.MN  НИЙТЭЛСЭН:2019/10/14     ТӨБЗГ: ЗАСАГЛАЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИУД 54 ХУВЬТАЙ БАЙНА WWW.BLOOMBERGTV.MN НИЙТЭЛСЭН:2019/10/14    

Иргэдэд дөрвөөс олон шуудай түлш олгохгүй байна www.zgm.mn

Карт хэвлэгдээгүйгээс хомсдол үүсэх эрсдэл ойрхон байна
Автомашингүй өдөр утааг бууруулах хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч болон цахилгаан, хийн халаагуур нийлүүлэгч компаниуд, ногоон зээл олгодог банкууд төв талбайд үзэсгэлэнгээ гаргасан. Технологийн шинэ шийдэл, хөгжлийг сонирхож, сонгох зорилготой иргэдээс илүүтэй “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшийг тойрсон хэл ам хийх хүмүүс олон байсан нь хачирхалтай санагдав. Тэд, “утаа тортог ихтэй, хурдан шатаад дууслаа, илчгүй, үнс их гарч байна” гэх мэтээр засгаас сурталчилсан бүхний эсрэг юм ярьцгааж байв. Харин тус компанийн ажилчид бүтээгдэхүүнээ өмөөрч, “манайхтай адил улаан уутанд хувийн үйлдвэрүүдийн шаардлага хангахгүй шахмал түлш хийж зарж байгаа гэсэн, тэр нь юм байгаа биз” гэх үгээр “барьж идэх” шахсан иргэдийн амыг таглана лээ. Уг нь энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг бүх цэгүүдээр худалдаж эхлэх учиртай байв. Харамсалтай нь нэг өрхөд гурван тонныг авах эрхээр хязгаарласан картаа хэвлүүлж, тарааж амжаагүй тул хяналт тавих боломжгүй гэх шалтгаанаар борлуулалтыг эрчимжүүлэхгүй байгаа аж. Харин иргэд "нээлтийн хонх жингэнэхээс" өмнө түлшээ боломжийнхоо хэрээр нөөцлөхөөр гэрээтүүдэд хандсаар. Тиймээс өнөөдрийн байдлаар гэр хорооллын утааг бууруулах “тулсан ганц” арга зам болсон сайжруулсан шахмал түлшний түгээлт, хүртээмж, чанарын талаар сурвалжиллаа.
 
НАМАР НҮҮРСЭЭ НӨӨЦӨЛДӨГ ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШЭЭ 2-4 ШУУДАЙГААР ЗӨӨВӨРЛӨЖ БАЙНА
 
Хотын төвийг умард зүгийн угаараар “дайлдаг” гэр хороолол Баянбүрдийн тойргоос арагш, Ногоон нуурын орчмоос эхэлдэг. Тэнд шахмал түлшийг тонн тонноор нь буулгаж, ногоон бүтээлгээр хучсан хоёр ч хашаа байна. Ингэж “задгайгаар” нь авсан түлшээ “Тавантолгой түлш” ХХК-ийн лого бүхий шахмал түлшний уутанд 25 кг-аар савлан, зам дагуу байрлуулж борлуулдаг юм байна. Тонноор нь савласан шахмал түлшээс хаягдал болон үлддэг нүүрсний нунтагийн хэмжээг хасаад, шуудайгаа тооцдог тул уутанд нь өөр хуурамч шахмал түлш савлаад зарах боломжгүй гэж гэрээт борлуулагч нь тайлбарласан. Зам дагуух борлуулагчийн дэргэд хааяа нэг машин зогсоод, 1-2 шуудай шахмал түлш авах зэргээр төвийн бүсийнхэн өвөлдөө “бэлтгэж” байна.
 
Харин хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх завгүй өрнөж байлаа. Улсаас хэрэглээнд хяналт тавих зорилгоор гурван тонн түлш авах эрхээр хязгаарласан карт олгоно гэсэн боловч одоо хүртэл хэвлэлтээс гараагүй аж. Тиймээс зохиомол хомсдол үүсгэхгүйн тулд нэг хүнд их хэмжээгээр өгөлгүй, 50-100 кг сайжруулсан шахмал түлш олгож байгаа юм байна. Түлшний борлуулалтыг ийн хязгаарлаж, эрэлт үүсгэсэн нь эгээ л картын барааны үеийг санагдуулж байв.
 
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд орших “Гялгар” зах бол “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт салбарын нэг. Олны нэрлэж заншсанаар “17гийн уулзвар”-т байрлах уг захаас дээшээ Хайлааст дахь гэр хороолол арваад километрт үргэлжилсээр Баянхошууны зүүн захын айлуудтай нийлдэг. Энэ хэсгийн зургаан мянга гаруй өрхийн сайжруулсан түлшийг хангах үүрэгтэй “Гялгар” захад байрлах “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч Н.Отгонцэцэгтэй уулзлаа. Тэрбээр “Өмнөх жилүүдэд өдийд л хүмүүс өвлийн бэлтгэлээ базааж, нүүрсээ хэдэн тонноор нь авч хураадаг байсан. Гэтэл энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшийг 7-10 хоногийн хэрэгцээгээр нь олгох чиглэлтэй. Тэтгэвэр, цалингаа аваад бөөнд нь түлшээ бэлддэг хүмүүст энэ нь хүнд тусаж байх шиг байна. Уулын оройд байдаг айлууд цас орохоос өмнө машин гарч байгаа дээр нь түлшээ базааж авмаар байна гээд гуйгаад байдаг. Өгөх ямар ч аргагүй. Карт нь гарчихвал ядаж нэг тонныг олгож болох болов уу гэж боддог” хэмээн ярьсан юм.
 
• Хотоос алсрах тусам шахмал түлшний эрэлт ихсэж, нэг өрхөд 2-4 шуудайг л олгоно гэсэн хязгаартай, ирсэн хүмүүсийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах маягаар борлуулалт амсхийх чөлөөгүй өрнөж байлаа.
 
• “Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн Шадивлан дахь хэрэглэгч зовнин хэллээ.
 
• Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байна.
 
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд орших “Тэнцвэр трэйд” ХХК-ийнхан мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч аж. Тус компанийн захирал В.Сүрэнхорлоо “Иргэд янз бүрийн л юм ярьж байна. Гэхдээ ихэнх нь ам сайтай. Яахав, одоохондоо дулаахан байна. Удахгүй чанар нь жинхнээсээ танигдана шүү дээ. Гол нь иргэд одоо ингэж багаар олгож байгаад ид хүйтнээр дуусчих вий, олдохгүй болчих вий гэж санаа зовж байна лээ. Гал таслахгүй, хангалттай нөөц бий гэж тэдэнд хэлж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Түлшийг янз бүрээр ярьж буй нь пийшингээсээ их хамаарч байна. Иргэд өөрсдөө хэрхэн түлэхээ мэдэхгүй уугиулж орхичихоод утаа ихтэй, сайн халахгүй, хурдан дуусдаг гэж яриад байна. Эхлээд модоор сайн галлаад, дүрэлзсэн дөлөн дээр түлшээ хийх хэрэгтэй. Мөн нам даралтын зуухнуудын шүүр тааруу, өнцөг булан ихтэй тул хийсэн түлш тарж унаад дутуу шатах тал бий. Төслийн зуух шиг босоо шүүртэй бол бүрэн шатна шүү дээ. Би нам даралтын зуухандаа босоо шүүр байрлуулж түлшээ тараахгүй хийдэг болсон” гэж туршлагаасаа хуваалцсан юм. Энэ цэгээс зургаан шуудай түлшийг бүрэн эрхтэйгээр авч одсон хүн бол Шадивлан дахь зусланд давхар хаустай байнгын үйлчлүүлэгч өвөө байлаа. Тэрбээр “Манайх өвөлдөө 18 тонн нүүрс хэрэглэдэг байсан, одоо энэ түлшнээс гуравхан тонныг олгоно гэхээр хөгшин бид хоёр гал алдах нь ээ” хэмээн зовниж буйгаа хэллээ.
 
Харин Баянхошуу дахь гурван ч борлуулалтын цэгт хүн ихтэй байлаа. “Нэг хашаанд хоёр айл байдаг, найман шуудайг авъя” хэмээн иргэний үнэмлэхээ сарвайн зүтгэх иргэнд, төвөөс зөвшөөрөл авахаар холбоо барих гэж оролдох борлуулагч залуу “Иргэний үнэмлэхний хаяг хамаагүй, нэг хүнд биш, нэг өрхөд л дөрвөн шуудайг олгоно” гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг эс олов. Тэдэнд түлш авсан хүний хэлсэн нэр, утасны дугаар, хаягийг бичсэн халтар дэвтэр байх бөгөөд, карт гарсан хойно эндээс хорооны ажилтнууд нь шүүж, гурван тоннын эрхээс нь хасалт хийнэ гэдэг юу л бол. Нийт 500 гаруй борлуулах цэгээр үйлчилнэ гэж байгаа ч одоогоор зуу гаруй цэг тогтмол ажиллаж байна. Нэг цэгт өдөртөө 8-10 тонн сайжруулсан шахмал түлш борлогдож байгаа гэнэ. Нэмэх 19 хэмийн дулаантай өдөр ингэж овоорч байгаа иргэд хүйтэрч, анхны цас хаялах үед хэрхэн сандралдахыг төсөөлөхөд бэрх.
 
Машинтай нь тээшиндээ, машингүй нь усны тэргээ түрж ирээд 2-4 шуудай түлшээ авч буй иргэдийн хажуугаар гэр хороолол дахь үйлчилгээний газрууд, нийтийн байрны эзэд буюу аж ахуйн нэгжүүд “мөөг түүх” маягаар шахмал түлш цуглуулж байгаа аж. Борлуулах цэг болгонд өөр нэр, хаяг хэлж бичүүлээд дөрөв дөрвөн шуудайгаар нь авч яваад баригдсан тохиолдол ч байгаа гэнэ. Гэхдээ өдөрт хэдэн тонноор нь түүхий нүүрс түлдэг байсан аж ахуйн нэгжүүдийн хувьд ийм аргаар өвлийн бэлтгэлээ базаах нь харганын ноосоор эсгий хийхээс өөрцгүй. Гэвч яндандаа шүүлтүүр суулгаагүй, цахилгаан халаагуурт шилжих боломжгүй өнөө маргаашаа арай гэж аргалж байгаа зарим газар ийнхүү өрхийн хэрэглээний түлшнээс шуудай шуудайгаар нь хумслахаас өөр арга үлдсэнгүй бололтой.
 
АРВАННЭГДҮГЭЭР САРД ЭСЭРГҮҮЦЛИЙН ХӨДӨЛГӨӨН ӨРНӨХ ҮҮ
 
Олон жилийн турш “нүүрсний ченж” хийсэн наймаачдад төрийн үйлдвэрийн сайжруулсан шахмал түлшнээс бусдыг хорьсон нь хүнд тусдаг бололтой. Ченжүүд зундаа нүүрсээ нөөцөлж авдаг. Түүхий нүүрс оруулахыг хориглохоос өмнө базаасан хар алтаа “чулуу болгох” цагийг анан хүлээж байгаа тухай яриа одоо ч мэр сэр явсаар. Үүний зэрэгцээ шахмал түлшний улаан уут эрэлттэй байдаг тухай түлээ нүүрсний захынхан дуулгав. “11 дүгээр сараас байдал хүндэрнэ, талбай дээр шахмал түлшийг нь түлж, эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөн өрнүүлнэ” гэх шум явж, тэмцэлд бэлдэцгээдэг тухай ч сонсогдов.
 
Түлшний чанарыг хоёрхон сарын дараа байгаль өөрөө шалгаад өгнө
Сайжруулсан шахмал түлшний чанарыг үгүйсгэж, түгээлтийн бэрхшээлийг дөвийлгөөд, иргэдийг турхирсаар өөрсдийн бизнесийг дэмжих гэсэн санаархалтай хэсэг бүлэг байгааг “Тавантолгой түлш” ХХК-ийнхан мөн үгүйсгээгүй. Тэднийг зохион байгуулалтад орж, facebook пэйж хөгжүүлэгчдээр сошиалд давалгаалуулах замаар шахмал түлшийг “хог” болгон харагдуулах, улсын үйлдвэрийн 500 гаруй ажилтны эгдүүг хүргэж, бүтэн жилийн хөдөлмөрийг нь гутаан доромжилсон тул хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулна гэж сүржин мэдэгдэл хийсэн нь саяхан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга ч “Юу нь мэдэгдэхгүй зүйл, хог ч хамаагүй шатааж хар утаа гаргасан бичлэгээ сайжруулсан шахмал түлш гэж шантаажилж, мөнгөөр үнэлэх тохиолдол гарсан” талаар хэлсэн.
 
Ямартай ч өнөөдрийн гэр хорооллын иргэдийн цаг зав, машин тэрэгний боломж, хэтэвчний хэмжээнээс үл хамаарсан түгээлтийн бэрхшээлээс илүүтэй хоёрхон сарын дараах өвлийн жавар, иргэдийн жихүүцэл энэ ажилд дүн тавьж орхино. Төрийн зүгээс түүхий нүүрсийг хорьж, шийдвэртэйгээр тулгасан сайжруулсан шахмал түлшийг өнөөдөр мянга магтаж, зуу муулсан ч байгаль өөрөө шалгаад, үр дүнг нь гаргаад өгнө. Хамгийн гол нь иргэд төрийн шийдвэрийг хүндэтгэж, элдэв хатгалгад авталгүй, эхэлж буй ажлын бэрхшээлийг даван туулна гэсэн тэвчээртэйгээр, картын системээрээ бага багаар сайжруулсан түлшээ базаасаар өвлийг давж чадах уу.


Нийтэлсэн огноо2019-09-17