Бөөрөлжүүтээс эрчим хүч нийлүүлж эхлээгүй байна www.news.mn
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэж, Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг нийт дөрвөн блок бүхий 600 мегаватт хүчин чадалтай барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 мегаваттын зуухны анхны галлагааг өнгөрөгч аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.
Гэвч тус станцад осол гарсан талаар “Цэцэнс майнинг Энд Энержи” ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарсан талаар мэдэгдэл гаргаж байсан.
Тус мэдэгдэлд “ Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч "Синостийл" компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна” гэж дурдсан. Бид энэ асуудлаар 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээс тодруулахад “Энэ сарын 15-ны өдөр хэвийн ажиллаж эхэлнэ гэж хөрөнгө оруулагчид мэдэгдсэн” гэсэн юм. Гэтэл товлосон хугацаанаас гурав хоног өнгөрсөн ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц хэвийн ажиллаж, төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж эхлээгүй л байна. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад хэзээ ч өртөж мэдэх эмзэг байгаа энэ үед Бөөрөлжүүтэээс нийлүүлэх эрчим хүчийг цаг алдалгүй нийлүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй юм.
Д.ЭНХБАЯР
Нийтэлсэн огноо2024-12-18