Сурвалжлага: Ноолуурын ханш 110-125 мянга гэх ч Хятадууд авахгүй байна www.eguuur.mn
Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасан. Өдгөө ноолуурын борлуулалт, үнэ буурахад эл шийдвэр нөлөөлсөн хэмээн малчид болон ноолуурын ченжүүд онцоллоо.
Монгол Улс 57.6 сая толгой малтай. Үүний 23 сая нь ямаан сүрэг. Гэтэл нийт экспортын гурав хүрэхгүй хувийг ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн эзэлдэг гэх 2024 оны жилийн эцсийн статистик бий.
Цагаан алт хөтөлбөр ингэж эхэлсэн
Ерөөс ноос, ноолууран бүтээгдэхүүнийхээ 80-90 хувийг түүхийгээр экспортолдог байсан бид угаах шат руу хэдхэн жилийн өмнө л шилжсэн байдаг. Улмаар дан ганц угаах бус илүү боловсронгуй болгоно. Ингэхдээ “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуурын хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй, тослог 1.0 хувиас ихгүй, чийглэг 17 хувиас ихгүй” хэмээн 2022 онд тогтоол гаргасан. Энгийнээр тайлбарлавал угаасан ноолуураа самнаж гаргана л гэсэн үг байв. Уг тогтоолоо гурван жилийн өмнө баталсан ч хугацааг хоёр удаа хойшлуулан энэ жилээс хэрэгжиж эхэлсэн түүхтэй.
Ноос ноолуураа угааж, самнаж экспортлох нь ноос ноолуурын салбарт илүү нэмүү өртөг шингэж үйлдвэрлэгчид ашигтай ажиллах боломж бүрдэнэ хэмээн зорьсон байдаг.
Гэтэл Монголчууд дотооддоо боловсруулаад гаргана гэх шийдвэрт Хятадууд ундуйцаж, худалдаагаа зогсоолоо. Тэдний хувьд нэмүү өртөг шингээгүй буюу бүрэн боловсроогүй түүхий эд авах өндөр сонирхолтой байна.
Энэ нь одоогийн худалдаанаас нь анзаарагдаж байгаа бөгөөд түүхий эдийн зах зээлд ханш нь унаагүй ганц нь ямааны арьс болчхож. Угааж, самнасан ноолуур авахгүй, харин 70-80 мянгаар ямааны арьс авч хил давуулаад үс, ноолуурыг нь өөрсдөө салгаад авах нь ашигтай хэмээн харсан байна.
Мөн АНУ Хятад хоёрын хооронд өрнөж буй худалдааны дайн ч манай цагаан алт болох ноолуурыг тойрсонгүй. Ерөнхийдөө АНУ Хятадад цахилгаан хэрэгслээс бусад бараанд нь 145 хувийн тариф тогтоочихсон. Энэ худалдааны дайны нөлөөгөөр Хятадын эдийн засгийн өсөлт саарч импортуудаа хязгаарлаж эхлээд байна. Ингэснээр экспортынхоо 91 орчим хувийг Хятад руу гаргадаг Монгол Улсын эдийн засаг хоёр гүрний худалдааны дайны хайчинд орчихов.
Хятадын хувьд дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг буюу 12 тонныг дангаар эзэмшдэг. Мөн дэлхийн ноолуурын зах зээлийн томоохон тоглогч, гол худалдан авагч болох Итали улс ноолуурын нөөц ихтэй байгаа нь ханш өсөхгүй, эрэлт бий болохгүй байх шалтгаан болоод байгаа аж.
Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур кг нь 150-165 ам.доллараар хэмжигдэж байсан ч дайн болон геополитикийн нөхцөл байдлаас үүдэн 97 ам.доллар боллоо. Самнасан ноолуурын гол худалдан авагч Италийн зах зээл дээр нэг кг самнасан ноолуур ойролцоогоор 97 ам.доллар буюу Монгол мөнгөөр 340,000 төгрөгтэй байна. Энэ бол гэхдээ гадаад зах зээл дээрх үнэ.
Хятад манай ноолуурыг авахгүй гэсэн ч Америк манайхаас ноолуур шууд татах хүсэлтүүд дам байдлаар ирдэг гэдэг. Гэхдээ албан ёсны худалдааны гэрээ, хэлцэл хийгдэх хүртэл малчдын ноолуурын үнэнд нөлөөлөх хэмжээний эффект хараахан үзүүлж чадахгүй нь.
-"Эмээлт" захад ноолуур худалдаж авах ченж алга-
Бид ноолуурын үнэ ханшийн талаар малын түүхий эд хүлээн авах, боловсруулах төвлөрсөн цэг болох "Эмээлт" захад очлоо.
Өдрийн 14.00 цаг. Автомашины замын хоёр талаар эгнэн байрлах "Ноолуур авна" гэх хаягтай газар бүрт очиж "Ноолуур авах уу, ямар ханштай байна вэ" гэж асуувал дийлэнх нь "Авахгүй" гэх хариултыг өгч байлаа. Уг нь өдийд хүний хөл тасрахгүй бужигнаж, малчид жилийнхээ ажлынхаа үр шимийг өвөртлөөд буцдаг цаг. Гэтэл ноолуурыг нь хямд ч гэсэн авах газар ховорджээ.
"Эмээлт" захад малын түүхий эд худалдан борлуулдаг Г.Төмөрсүхээс ноолуурын үнэ ханш, өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Яг одоогийн байдлаар ноолуур хэдэн төгрөгийн ханштай байна вэ?
Ноолуур 158 мянгаар өнгөрсөн долоо хоногт үнэлэгдэж байсан бол одоо ямар ханшаар авахаа бид мэдэхгүй болчхоод байна. Хамгийн сүүлийн ноолуураа тав хоногийн өмнө 144 мянгаар авсан. Тэрнээс хойш нэг кг ч ноолуур аваагүй, бид авлаа гэж бодоход Хятадууд худалдан авалт хийхгүй байгаа учир бидний мөнгө түгжигдэж, өндөр үнээр авсан ноолуурын ханш унаж байгааг л хараад үлдэж байна.
-Дотоодын үйлдвэрүүд ноолуураа авчихсан уу?
Дотоодын үйлдвэрүүд өөрсдийнхөө нийлүүлэгчдээс буюу малчдын гар дээрээс ноолуураа авчихдаг. Харин бид иргэдийн гар дээрээс аваад угаагаад гадаад руу гаргадаг юм.
-Одоо байгаа ханшнаас ноолуурын үнэ өсөх болов уу?
-Их хэмжээгээр ноолуур борлуулах малчид ч одоогоор байхгүй байна. Ойр зуурын хэрэглээ, хугацаа тулсан зээлээ төлөх шаардлагатай хэмээн жижиг тэргэндээ 60-70 кг ноолуур аччихсан хүмүүс ганц нэгээр ирж байна. Гэсэн ч тэр ноолуурыг нь авч байгаа ченжүүд ч алга, дамлан авч байгаа Хятадууд ч байхгүй л дүр зурагтай л. Малчдын зүгээс мэдээж өндөр үнээр зарж борлуулах ашиг сонирхолтой байна.
Самнасан ноолуураа гадагш гаргах нь нэг талдаа үйлдвэрээ дэмжээд хэрэгтэй шийдэл санагддаг.
Одоогоор Эмээлт захад 110-125 мянгаар л ноолуур авна гэдэг ханш явж буй. Энэ ханш улам буурах хандлагатай байна. Гэтэл малчдын зүгээс аль болох үнэтэй өгөх гээд ноолуураа хадгалаад байна ч гэх ойлголт энэ зах зээлд явдаг. 30 гаруй жил малын түүхий эдийн салбарт худалдаа эрхэлсэн хүний хувьд хэлэхэд энэ жил ноолуурын үнэ өсөхгүй байх. Миний хувьд одоогоор 2 тн орчим ноолуур авчихсан, нэмж худалдаж авахгүй л гэсэн бодолтой байна.
Дэлхийн ноолуурын нөөц 24 мянган тонн. Үүний
12 мянган тонныг БНХАУ,
10.5 мянган тонныг Монгол Улс бүрдүүлдэг.
Биднээс импортолсон ноолуураар GUCСI, Сhanel, Prada зэрэг дэлхийн алдарт брэндүүд монгол ямааны ноолуурыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Дахин сануулахад 57.6 сая толгой малтай. Үүнд таван хошуу мал цөм багтах хэдий ч нийт мал сүргийнх нь 38.6 хувь буюу 22.9 сая нь ямаа. Гэтэл ноолууран түүхий эд бэлтгэлийн хэмжээ
2020 онд 3100 тн,
2021 онд 3000 тн,
2022 онд 3100 тн,
2023 онд 3400 тн,
2024 онд 3550 тн байсан.
2023-2025 оны дөрөвдүгээр сард Улсын дунджаар ноолуур хэдэн төгрөгний үнэтэй байсныг дараах инфографикаас харах боломжтой
Made with Flourish
2020-2021 онд цар тахлын улмаас ноолуурын үнэ ханш буурч, малчдын орлого тасалдаж байсан удаатай. Тухайлбал, хил хааснаас үүдэж ноолуурын үнэ нэг кг нь 50 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан. Улмаар 2022 оноос түүхий эдийн зах зээл сэргэж, эрэл нийлүүлэлт хэвийн горимдоо шилжиж байв.
2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар цагаан ноолуурын үнэ Улсын дунджаар 119,200 төгрөгөөр худалдаалагдаж байсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 135 мянган төгрөг , Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 98 мянган төгрөгийн ханштай
2024 оны дөрөвдүгээр сард цагаан ноолуурын үнэ Улсын дунджаар 150,800 төгрөгтэй байжээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 166 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 120 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан.
Харин ҮСХ-ны хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2025 оны эхний улирлын байдлаар цагаан ноолуурын үнэ ханш Улсын дунджаар 133 мянган төгрөгтэй байна. Тодруулбал, Дорнод, Төв аймагт хамгийн өндөр буюу 160 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэх.
-Баруун аймгийнхан ноолуураа самнаад тушаах үед ноолуурын үнэ ковидын үеийнхтэй дүйцэх үү-
Зүүн аймгуудын ноолуур самналт эрт буюу хаврын эхний саруудад цэгцэрдэг. Цас бага унадаг хийгээд байгаль цаг уурын нөлөөллөөс хамааран Баруун аймгийн ямааны ноолуураас нарийн ширхэгтэй, чанартайд тооцогддог. Иймд жилийн жилд эрт бөгөөд өндөр үнээр ноолуураа худалдаалж чаддаг.
Одоогоор Зүүн аймгуудын ноолуур самналт дуусах шатандаа орж, худалдаагаа ч хийж амжсан. Гэтэл Баруун аймгуудын хувьд цас бүрэн хайлаагүй, малын зоо тэнийгээгүй учир ноолуур самналтын цаг ойртоогүй.
Ноолуурын үнэ ханш одоогийнх шиг шал арчаагүй байхад хийгдсэн ҮСХ-ны судалгаанаас харахад Баруун аймагт 100-120 мянгаар үнэлэгдэж.
Тэгвэл одоогийн "Ноолуур авахгүй, авбал 110-120 мянгаар авна" хэмээн Зүүн аймгийнханд хэлсэн хариулт Баруун аймгийнхны ямаа самналт дууссаны дараа энэ үнэ хэвээр байх магадлал бага.
Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин Х.Сүрэн,
Малчид бид хавартаа нэг л удаа санхүүгийн бэрхшээлээс ангижирч, өр зээлээсээ гардаг. Баруун аймгийн ямааны ноолуур бүдүүн ширхэгтэй, чанаргүй гэж гологддог учир Зүүн аймгуудынхаас доогуур ханшаар үнэлэгддэг. Сүүлийн үеийн мэдээллээс харахад ноолуурын үнэ дэндүү буурчхаж. Хэрэв энэ байдлаараа ханш өсөхгүй байх юм бол бүтэн жилийн хөдөлмөр, хавартаа төлчихнө гэж хураасан малчдын өр хэцүүдэх боллоо" хэмээсэн юм.
Малчдын хувьд ковидын үе буюу 2020-2021 оныхтой адил бүтэн жилийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлж өртэйгөө хоцрох уу гэх айдас тэдэнд байгаа аж.
Мөн малчдад олгосон зээлийн хүүгийн хөнгөлөлт зургаадугаар сарын 01-нээр дуусгавар болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор малчид ноолуураа хямд ч гэсэн зарж, өрийн дарамтаас салах чин хүсэл бий. Гэтэл ноолуур гарсан аймгуудад 90-140 мянган төгрөгөөр худалдан авч байна гэх боловч ноолуураа бариад очсон малчдыг "авахгүй" гэсэн хариулт угтаж, тэднийг ийн мухардуулж байна.
BY
О. Онон
МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-04-16