Монголбанк Засгийн газрын “хамжигч”-аар ажилласны алдагдал 3.6 их наяд төгрөгт хүрчээ www.itoim.mn
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэж буй. 2024 оны санхүүгийн аудитлагдсан тайлангаар Монголбанк 300 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, хасах хөрөнгө 5.1 их наяд төгрөг байсныг 4.8 их наяд төгрөг болгож бууруулжээ. Өөрөөр хэлбэл, Монголбанкны өөрийн хөрөнгө хасах 5.1 их наяд төгрөг байсныг 4.8 их наяд төгрөг болгож бууруулсан байна. Харин энэ их алдагдал чухам юунаас болж үүсэв гэдгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкны удирдлагуудаас асуусан. Монголбанкны баланс дээр байгаа хасах 4.8 их наяд төгрөгийн 3.6 их наяд нь Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүссэн алдагдал гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолсон юм.
Тэтгэврийн зээлийг тэглэснээс үүссэн 850 тэрбум төгрөг
2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга ахмад настнуудын 6 сая хүртэлх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг гаргаж байсан. Ингэхдээ Салхитын алт, мөнгөний ордыг үндэслэн “Эрдэнэс Силвер Ресурс” компани бонд босгож, түүгээр нь тэтгэврийн зээлийг тэглэх санхүүжилтийг шийдэхээр болж байсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нэг их наяд 141 тэрбум төгрөгийн бондын хугацаа дуусаж, “Эрдэнэс Силвер Ресурс” компани өрөө бүрэн төлж чадахгүй дефолт болсон. Ингээд 850 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөх боломжгүй гээд Монголбанкны балансад шилжүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл энэ өр төлбөрийг хэн төлөх, юугаар нөхөх нь тодорхойгүй, Монголбанкны алдагдал болжээ.
Засгийн газраас тэтгэврийн зээлийг тэглэхэд үүссэн 850 тэрбум төгрөг дээр баталгаа гаргах асуудал яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрхэх нь тодорхойгүй байгаа аж.
Эрдэнэтийн 49 хувийн авалтаас үүссэн 675 тэрбум
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд шилжүүлж авахтай холбоотой үүссэн 675 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг мөн л хэн төлөх нь тодорхойгүй, Монголбанкны баланс дээр алдагдал болжээ. 2017 онд УИХ-аас тогтоол баталж, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авч, төлбөр тооцоог харилцан суутгах, цэвэршүүлэх хэлбэрээр шийдэхийг Засгийн газарт даалгасан. Энэ хүрээнд Монголбанк Худалдаа хөгжлийн банкнаас авах ёстой байсан 657 тэрбум төгрөгийн авлагыг суутгуулжээ. Харин энэ суутгуулсан эх үүсвэрийг өнөөдрийг хүртэл хэн төлж барагдуулах нь бас тодорхойгүй байгаа юм. Зүй нь нэг бол Эрдэнэт үйлдвэр, эсвэл Засгийн газар төлөх учиртай ч Монголбанкны алдагдал болж хувирчээ.
Дээрх хоёр жишээ нь Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой ажлыг Монголбанк үүрссэнээс үүдсэн хамгийн том дүнтэй алдагдал аж. Үүнээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт хөтөлбөр”, “Хүнсний хувьсгал” хөтөлбөртэй холбоотой зээлүүд дээр алдагдал үүссээр байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд гишүүд болон эдийн засагчдын зүгээс “Монголбанкийг Засгийн газрын кассын машин боллоо”, “Засгийн газрын ачааг Монголбанк үүрээд байна”, “Нэг халаасанд орчихлоо” зэргээр олонтаа шүүмжилсэн. Энэ шүүмжлэл ч үнэний ортой гэдэг нь дээрх алдагдал, балансаас харагдаж байна.
Төв банкны тухай хуульд Монголбанкны үндсэн зорилтыг:
1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
2. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ гэж заасан.
Харамсалтай нь, 2012 оноос хойш Монголбанк бие даасан хараат байдлаа Засгийн газарт бага багаар алдаж, Засгийн газрын санаачилсан олон төсөл хөтөлбөрт “хамжигч”-аар ажилласан. Тухайлбал, 2012 оноос эхэлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, тэтгэврийн зээл тэглэлт, Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалт, ковидын үеийн 10 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Шинэ хоршоо, Хүнсний хувьсгал, Цагаан алт зэрэг олон их наядын хөтөлбөрт хамжсан. Энэ их хөнгөлөлттэй зээллэг, их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд төгрөгийн ханш унаж, Монголбанк үндсэн зорилтоосоо гажиж, одоо хэн, юугаар төлөх нь мэдэгдэхгүй олон их наядын алдагдал хүлээж байна.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-06-05