Нэгдүгээр тойрог зам төслийн нээлттэй тендерийг ирэх сард нээнэ www.news.mn
2025-2028 он хүртэл хэрэгжүүлэх мега төслүүдийн нэг болох “Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендэрийг зарлаад буй. Тодруулбал, тус тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан буюу EPC+F (Engineering, Procurement, Construction and Financing) хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч компани нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт болон санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах юм байна. Төслийн нээлттэй тендерийг ирэх сарын 10-нд нээхээр төлөвлөжээ.
Нэгдүгээр тойрог замын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс далангийн урт 13.679 км, гүүрний урт 9 км байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр шууд бусаар нийт 14160 ажлын байр бий болж байнгын 3540 ажлын байр бий болох төдийгүй 3000 яндан буурах урьдчилсан тооцоо гарсан байна. Тойрог зам нь нийтийн тээвэр, явган хүний зам болон дугуйн замын сүлжээг уялдуулах, ногоон байгууламж нэмэх, шинэ эдийн засгийн бүс үүсгэх зэрэг боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.
Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг ЗТЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хэлэлцэнэ
Хотын зүүн болон баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэлгүйгээр Нэгдүгээр тойрог зам, Туулын хурдны замтай холбох Хоёрдугаар тойрог зам төслийн эдийн засгийн шинжилгээ, төсөв хийгдэж байгаа аж. Түүнчлэн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр оруулахаар ажиллаж байгаа гэнэ.
Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ.
Хоёрдугаар тойрог авто замын төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 600 гаруй иргэдийн зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн байна. Улмаар төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулж, хурдыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
Тухайлбал, хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасах төдийгүй Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн замуудын ачаалал хоногт 5000 машинаар буурна гэж тооцоолсон байна.
Нийтэлсэн огноо2025-10-28





