Н.Учрал: Намын даргын хувьд ЗГ-ын бодлого, үйл ажиллагаа, тогтвортой байдлыг дэмжинэ www.itoim.mn
МАН-ын 31 дүгээр Их хурлын талаар тус намын дарга Н.Учрал, ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.
Н.Учрал: -Намынхаа үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчиллээ. Намын бүх түвшний удирдлагын 40 хувь нь хүйсийн аль нэг төлөөлөл байхыг үндсэн дүрэмдээ оруулсан. Үүний дагуу Бага хурал, Удирдах зөвлөлийн 40 хувьд эмэгтэйчүүдийн төлөөллийг орууллаа. МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар боллоо.
Мөн бага хурлын анхдугаар хуралдаанаас 39 гишүүний төлөөлөлтэй УЗ байгуулж байна. Удирдах зөвлөлд аймаг, нийслэл, дүүргийн намын анхан шатны байгууллагын төлөөлөл, намын дэргэдэх ТББ-ын төлөөлөл багтдаг. Энэ дагуу 39 гишүүний төлөөлөлтэй Удирдах зөвлөлөө байгууллаа. Түүнчлэн орон тооны таван нарийн бичгийн дарга, гурван орон тооны бус нарийн бичиг томиллоо.
МАН-ын 31 дүгээр Их хурал дээр намын даргад дэвшихдээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ. Намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах оноо, журмыг батлуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Удирдах зөвлөлийн дэргэд мөрийн хөтөлбөр үнэлж, дүгнэж тайлагнах байнгын хороо байгуулж, энэ хороогоор мөрийн хөтөлбөрөө улирал тутам тайлагнана. Удирдах зөвлөлийн дэргэд бүсийн зөвлөл байгуулж, бүс бүрд хэрэгжиж байгаа хөтөлбөрт үнэлэлт өгдөг, хэрэв хэрэгжээгүй бол амлалт өгсөн тухайн гишүүнд хариуцлага тооцдог, ил тод нээлттэй нам болгохоор Е4 стратеги дэвшүүлсэн. Е4 стратеги бол ил тод, гүйцэтгэл үр ашиг, ёс зүй, хариуцлага, манлайлал , эрх тэгш байдал, шударга ёс гэх агуулгад нийцэж байгаа. Е4 стратегийг хэрэгжүүлснээр улс төрийн намын санхүүжилт ил тод болно. Ингэснээр орчин үеийн хариуцлагатай, гишүүн төвтэй нам болох үндэс тавигдана. Е4 стратегийн гол зорилго ард түмний итгэлийг олох, намын гишүүдийн идэвх оролцоог сэргээх, бүх түвшинд авлига ашиг сонирхлоос ангид байх гол зорилт тавьж байна. Энэ хүрээнд санхүүжилт хариуцлагатай ил тод болсноор өнөөдөр үүсээд байгаа авлига, ашиг сонирхлын хэрэгт нэр холбогддог, энэ нь намын нэр хүндэд халддагаас тогтолцоогоо өөрчлөх зорилт дэвшүүлж байна.
Засгийн газрын бодлого чиглэл МАН-ын эрмэлзэх зүйл, намын хөтөлбөртэй уялдаж байна. Өнөөдрийн Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний 72 хувьд нь намын мөрийн хөтөлбөрийн зорилт хангагдсан. Засгийн газар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд валютын нөөцийг хадгалж, зээлжих зэрэглэл сайжруулж, эдийн засгийн хувьд сайн үзүүлэлт гаргасан. Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, тогтвортой байдлыг би намын даргын хувиар бүрэн дэмжинэ. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийж өгөөч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог баталж өгөөч гэж хандаж байна. Эдгээр хууль дүрэм батлагдаж , цаашид тогтвортой эдийн засгаа хадгалъя гэвэл Засгийн газраа илүү тогтвортой байлгахад эрмэлзэх ёстой. Би тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагийн хувьд мөрийн хөтөлбөр биелүүлэхгүй байгаа салбаруудад намын даргын зүгээс хяналт тавьж ажиллана.
Олонхи бүрдүүлж, эрх барьж байгаа нам УИХ-ын дарга , Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх нь намын дотоод асуудал. Удирдах зөвлөл шийдвэр гаргаад дараагийн асуудлаа ярихад нээлттэй.
Намын Их хурлаас Хяналтын ерөнхий хороог сонгосон. Хяналтын ерөнхий хороо 27 гишүүнтэй хараат бус байгууллага. Өчигдөр Хяналтын ерөнхий хороо хурлаа хийж, дундаасаа олонхоороо даргаа сонгосон. Энэ хороо хараат бусаар ажиллах учраас надад үүрэг чиглэл өгөх эрх байхгүй. Б.Энхбаяр гишүүний асуудлыг дахин Хяналтын ерөнхий хороо дахин хэлэлцэх шаардлага зүй ёсоор үүсч байна. Би намын даргын хувьд нэгт ёс зүй, сахилга хариуцлагыг тавина.
Я.Содбаатар: -Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд Удирдах зөвлөлд орлоо гээд шүүмжлэл өрнөж байна. Улс төрийн албан тушаалтнууд намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласаар ирсэн. МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Ө.Золбаяр дарга Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны даргын ажлаа хүлээлгэн өгч байгаа. Үүнийг хэлэхгүй бол давхар ажиллах гэж байгаа юм шиг ташаа мэдээлэл гарч байна.
МАН ойрын үед УИХ-ын даргын асуудлыг шийднэ.
Ц.Анандбаярын МАН-ын гишүүнчлэлийг сэргээсэн. Гэхдээ Бага хуралд сонгогдоогүй.
Нийтэлсэн огноо2025-11-19





