Улаанбаатарт ирэх онд өрнөх бүтээн байгуулалтууд www.news.mn
Нийслэл ирэх 2026 оны төсвөө энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс урьдаж нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулах ёстой. Тэгвэл өнөөдөр /2025.11.28/ 2026 оны төсвийг НИТХ-аар хэлэлцэхээр болжээ. Тухайлбал, нийслэл 2024-2028 он, 2024-2030 онд хэрэгжих хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний тод жишээ Метро, Хүннү хот, Сэлбэ 20 минутын хот, Туулын хурдны зам, Дүүжин тээвэр болон 24 мега төслүүд юм.
Дээрх төслийн дийлэнх нь хийгдэж эхэлсэн, зарим нь төсөв мөнгө хүрэлцээгүй улмаас царцах эрсдэл үүссэн. Угтаа энэ бүх төсвийг нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийх боломжгүй юм.
Төсвийг төвлөрүүлж буй компани, татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын эх үүсвэр гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Иймд 2026 оны нийслэлийн төсвийг онцгой анхаарч ямар бүтээн байгуулалт тусгагдахыг нүд салгалгүй харах үлдэж байна. Ажил болсон төсөл, гацсан төслүүд, царцсан бүтээн байгуулалт товлосон хугацаандаа багтаж хийгдэх нь өнөөдөр бүрэн шийдвэрлэгдэнэ. Тиймээс 2025 онд хэрэгжиж буй төслүүд улиран нийслэлийн төсөвт дахин тусгагдах нь тодорхой. Тэгвэл Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2026 оны төсвийн төслийг нийслэл дэх Төрийн аудитын газарт хуулийн хугацаандаа багтаж өргөн барьсан билээ.
Тус төсвийн төсөвд тусгагдснаар нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөгөөр баталсан аж.
Улмаар нийслэлээс 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн таван бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлж, энэ хүрээнд Туулын хурдны зам, Метро, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгасан юм.
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ
Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15-30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11-25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10-25 хувь, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5-17 хувиар буурна. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна.
МЕТРО
“Метро” байгуулах төсөл нь Толгойтоос Амгалан чиглэлд 19.4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх юм. Иргэд автобусаар 45 минутад зорчих зайг метрогоор 15 минутад туулах нөхцөл бүрдэж, өртөө орчимд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих шууд нөлөөлөл бий болох аж. Мөн нэг өртөөнд дунджаар 10 буюу нийт өртөөний хэмжээнд 150-200 жижиг, дунд бизнес эрхлэгч шууд үр ашиг хүртэх боломж бүрдэх тооцоолол гарчээ. Мөн метроны өртөө орчмыг хөгжүүлэх үйл ажиллагааны нөлөөгөөр ойролцоогоор 150’000 ажлын байр шинээр бий болно.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн байдаг. Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм. Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.
Нийтэлсэн огноо2025-11-28





