Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцоно www.montsame.mn
Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19–23-нд болно.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээс гадна Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлэгт оролцоно.
Мөн чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн манлайлагчид, олон улсын байгууллагын удирдлагатай ажил хэргийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулах юм.
Тус чуулга уулзалтыг 1971 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2026-01-19





