АХБ: 2026 он гэхэд бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт 2 дахин нэмэгдэх төлөвтэй www.bloombergtv.mn
Азийн хөгжлийн банк Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт, Увс аймаг дахь Боршоо боомтыг шинэчлэн сайжруулахаар 27 сая ам.долларын санхүүжилт батлаад байна.
Сүхбаатар аймгийн Бичигт боомтоор “Петрочайна дачин тамсаг” компани газрын тос экспортолж байгаа бөгөөд 2019 он гарснаас хойш буюу есдүгээр сарын есний байдлаар тус боомтоор 276.2 мянган тонн газрын тос экспортолжээ. Мөн 72 мянга орчим тонн төмрийн хүдэр, 6000 орчим тонн хайлуур жонш, 106 мянга орчим тонн хүрэн нүүрс экспортод гаргасан талаар тус боомтын захиргаа мэдээллээ.
Үүнээс гадна баруун аймгуудын боомтоор малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байлаа. Азийн хөгжлийн банкны тооцооллоор 2026 он гэхэд Бичигт боомтоор дамжих худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэж, 400 сая ам.долларт хүрэхээс импорт 95 сая ам.долларыг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж. Харин Боршоо боомтоор дамжих худалдааны эргэлт гурав дахин нэмэгдэж, 95 сая ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Нийтэлсэн огноо2019-09-20