Суудлын автомашины импорт 2019 онд биет хэмжээгээр 8.4 хувиар өсөж,69 мянга давжээ www.bloombergtv.mn
Тээврийн хэрэгслийн импорт анх удаа 2019 онд 1.1 тэрбум ам.доллар давлаа. Үүнээс суудлын автомашины импорт 2.6 хувиар өсөж, 418.7 сая ам.доллар хүрчээ.
Харин биет дүнгээр 8.4 хувиар өсөж, 69 мянга давсан байгааг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Импортоор оруулж ирж байгаа нийт автомашины 95 орчим хувийг хуучин автомашин бүрдүүлж байна. Хэдийгээр автомашины импорт нэмэгдсээр байгаа ч шинэ автомашины импорт буурчээ. Шинэ автомашины импортын дийлэнх буюу 86 орчим хувь нь SUV загварын автомашин байгаа аж.
Мөн нийт суудлын автомашины 85.1 хувийг Японоос импортолсон бол 3.5 хувийг Австри, 3.3 хувийг Герман улсаас оруулж иржээ. Монгол, Японы чөлөөт худалдааны гэрээ хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2015 онд 274.6 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг Японоос импортолж байсан юм.
Харин энэ үзүүлэлт өнгөрсөн онд 2.1 дахин нэмэгдэж, 585.5 сая ам.доллар орчим болсон байна. Ялангуяа суудлын автомашины импорт 180.3 сая ам.доллароос 356.6 сая болж, 97.7 хувиар өсжээ.
Нийтэлсэн огноо2020-01-16