5 сая ам.долларын санхүүжилттэй хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг ирэх 4 жилд хэрэгжүүлэх гэж байна www.bloombergtv.mn
Таван сая ам.долларын санхүүжилттэй хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гэж байна.
АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан энэхүү түншлэлийн гол зорилго нь хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэжээ. Гол хэрэгжүүлэгчээр “Дэлхийн зөн” олон улсын байгууллага ажиллана. Түншлэлийн үр дүнд хохирогчийг илрүүлэх болон хохирогч төвтэй мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломж бүрдэнэ.
Мөн гэмт хэрэгтнүүдийн хүлээх хуулийн хариуцлага нэмэгдэнэ гэж АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески онцолсон юм. Монгол Улс 2021 оны төсвийн төсөлд хүүхэд хамгаалалд зориулж найман тэрбум төгрөг зарцуулахаар тооцоолсон байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 23.2 хувиар өссөн дүн ажээ.
2020 онд Үндэсний статистикийн хорооноос 5-17 насны 12 мянга 273 хүүхдийн дунд түүвэр судалгаа хийхэд 7.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэж мэдээлснийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар мэдээлж байсан юм.
Нийтэлсэн огноо2020-10-28