М-Си-Эс Групп КакаоБанктай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурлаа www.gogo.mn
Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын Бизнес Форум зохион байгуулагдлаа. Уг форумын үеэр М-Си-Эс Групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хөрөнгө оруулалтын үндсэн нөхцөлийн баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүллээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанкнаас М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхээс гадна зээлийн скорингийн загварыг боловсруулах, дижитал санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах юм.
Энэ үеэр КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “КакаоБанк нь Засгийн Газрын инновацлаг санаачилгын тусламжтайгаар өөрсдийн гэсэн зээлийн скорингийн загвараар дамжуулан санхүүгийн хүртээмжийг сайжруулж, дунд болон бага зээлийн түүхтэй харилцагчдад 16 их наяд вонын зээл олгосон. Хүн амын насжилт харьцангуй залуу, дэвшилтэт, дижитал дэд бүтэцтэй Монгол Улсын хувьд хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэх асар их боломжтой. М-Си-Эс Групптэй байгуулсан стратегийн түншлэлийнхээ хүрээнд бид M банкны зээлийн үнэлгээний чадавхыг сайжруулан, зээлийн скорингийн загваруудыг хөгжүүлж, хоёр улс хамтдаа хөгжих боломжтой, хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн экосистемийг бий болгох болно” гэж хэлэв.
Мөн тодорхой гэрээ хэлэлцээрүүд болон шаардлагатай журмуудыг гүйцэтгэж дуусгасны дараагаар КакаоБанк М банканд энэ онд багтаан хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллага санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, зээлийн үнэлгээг сайжруулах, олон улсын дижитал банкны туршлагыг солилцох зэрэг олон чиглэлд хамтран ажиллах бөгөөд энэ хамтрал нь Монгол Улсын банкны салбарт томоохон дижитал банк хамтрахаар болсон анхны тохиолдол болж байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-07-10





