Экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хэвийн зээлийг дахин санхүүжүүлнэ www.eagle.mn
Уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хүсэлт гарган зээлийн хүүг 10.5 хувиас хэтрэхгүй байхаар бууруулах, үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх боломжтой боллоо.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос уул уурхайн бус экспортын болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилт олгох зорилгоор 2 жилийн хугацаатай репо арилжааг зарлахаар шийдвэрлэсэн. Улмаар 2020 оны 4 дүгээр улиралд нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу өнгөрсөн сарын 30-нд эхний урт хугацаатай репо арилжааг зарлаж, банкуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 175 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Хаан, Хас, Капитрон, Төрийн, Тээвэр хөгжил, Богд банкуудад олгоод байна.
Ингэснээр банкууд зээлийн шалгуурыг хангаж буй уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төгрөгөөр олгосон хэвийн зээлийг дахин санхүүжүүлэх, шинээр зээл олгоход зориулах юм.
Нийтэлсэн огноо2020-12-03