ЗГ-аас хил заагийг тодорхойлох стратегийн НАЙМАН ордын гурав нь төрийн мэдэлд, тав нь хувьд байна www.eguur.mn
2018 онд Нарийнсухайтын нүүрсний орд, Тавантолгойн чулуун нүүрсний орд, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд, Багануурын хүрэн нүүрсний орд, Цагаан суваргын зэс-молибдений орд, Бүрэнхааны фосфоритын орд, Эрдэнэтийн зэс-молибдений орд зэрэг найман ордын талбайн хил заагийг шинэчлэн тогтоосон байдаг.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам өнгөрсөн долоо хоногийн /2025.04.08/ Засгийн газрын хуралдаанаар стратегийн 16 ордоос үлдсэн НАЙМЫНХ нь талбайн хил заагийг тогтоох тухай тогтоолын төслийг боловсруулан, танилцуулсан байна. Тэдгээрт,
"Асгат"-ын мөнгөний орд
Төмөртэйн овоогийн цайрын орд
Дорнодын ураны орд
Мардайн ураны орд
Гурванбулагийн ураны орд
Оюутолгойн бүлэг орд
Бороогийн алтны орд
Төмөртэй төмрийн хүдрийн орд юм.
НЭГ. "Асгат"-ын мөнгөний орд
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах тус ордыг 1976 онд нээж, Орос-Монголын хамтарсан хайгуулаар нөөцийг нь C1, C2, P1, P2 зэрэглэлээр тогтоосон. Өдгөө дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол" ХХК эзэмшиж байна.
Ордыг ашиглахад хүдрийн баяжуулалтын технологийн шийдэлгүйн зовлон тулгарч байна. Уг нь жилд 67.3 сая ам.долларын борлуулалт хийх боломж бий. Жилд 300 мян.тонн хүдэр боловсруулан баяжуулах металлургийн үйлдвэрийг барихад 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
Тусгай зөвшөөрлийн талбайгаас гадна хүдрийн биет үргэлжлэх боломжтой болохыг тогтоосон тул 2993.26 га талбайг 3036.41 га болгохоор тусгажээ.
ХОЁР. Төмөртэйн овооны цайрын орд
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт байрлах ордын нөөцийг 1980 онд нээж, 7689.4 мян.тонн цайрын хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. 2019 онд дахин 308.6 мян.тонн бүхийн нөөц тогтоогдсон.
Өдгөө "Цайртминерал" ХХК хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Хятадын тал 50, Монголын тал 50 хувийг эзэмшдэг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ажлын нөхөн төлбөрийн гэрээний 1 сая 005 мянган ам.долларыг 2005 онд төлж барагдуулжээ.
Тогтоогдсон ашигт малтмалын нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан хил заагийг 681 га-гаар тогтоохоор болжээ.
ГУРАВ. Дорнодын ураны орд
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлах ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж байсан. Ураны үнээс хамаараад 1995-2005 оны хооронд уурхайн ашиглалтыг түр зогсоосон. 2005 оны эхээр Канадын “Ханресурс” ХХК хайгуул хийх зөвшөөрөл авсан. Монголын Засгийн газар тусгай зөвшөөрлийг нь цуцалснаар 2015 оны үес 100 сая ам.долларын өрөнд орж байлаа. Тусгай зөвшөөрлийг өдгөө "Адамсмайнинг" ХХК эзэмшиж байна.
Эл ордын далд уурхайг 9-өөс дээш жил, ил уурхайг 16-гаас дээш жил ашиглах боломжтой. Далд уурхайгаас олборлосон ураны хүдрийн металл авалт 84.5 хувь, ил уурхайнх 89.28 хувь байна. Ашиглалтын хугацаанд 10634000 тонн хүдэр олборлох тооцоо бий.
Иймд ашигт малтмалын хүдэржилт байж болох талбайг хамруулан судалж 3368.72 га-гаар тодорхойлохоор болжээ.
ДӨРӨВ. Мардайн ураны орд
Дорнод аймгийн нутагт байрладаг ордыг улсын төсвийн болон хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийсэн. Социализмын үед оросууд уран олборлож байжээ. "Адамсмайнинг" ХХК хайгуулын нэг тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2001 онд 2014 оныг хүртэл олгож байсан аж. Ашиглалтын өргөдөл гаргаж, 2022 онд УДШ-ийн тогтоолоор сэргээлгэсэн.
Уурхайн хүчин чадал өдөрт 3500 тонн, жилд 1.225 сая тонн байх ба 15 жил ашиглах боломжтой аж. Уран агуулсан хурдас, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг нь харгалзан хил заагийг 212.92 га-гаар тогтоохоор болжээ.
ТАВ. Гурванбулагийн ураны орд
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байрлалтай ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Нийт 13996.28 га талбайг хамардаг. 2011 онд нөөцийг нь 13058.3 тонн гэж бүртгүүлсэн. Цөмийн энергийн газар нь БНХАУ-ын Цөмийн Үндэсний Корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Эмээлтмайнз" ХХК-д олгосон ч, 2016 онд цуцалжээ. 2023 онд "Эмээлтмайнз" хайгуулын өргөдөл гаргасан бөгөөд хэлэлцэх шатандаа байна.
Тус компани 2011, 2014 онуудад ордын нөөцийг ашиглах ТЭЗҮ боловсруулж байсан. Төсөл хэрэгжих хугацаанд 1.04 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Татвар, зардал хасагдаад 260.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж тооцоолжээ.
Уран агуулсан хурдас, ил уурхайн тэлэх боломж зэргийг харгалзан ордын талбайн хил заагийг 2165.15 га-гаар тодорхойлжээ.
ЗУРГАА. Оюутолгойн бүлэг орд
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах ордыг 1957 онд ЗХУ-ын геологич Ю.Я.Петрович дээж аван судлаач "Шаварлаг занар, элсэн чулуулагт зэсийн хүдэржилт. Бор овооны зэсийн илрэл" хэмээн тэмдэглэж байжээ. 1999 оны үес "Би Эйч Пи" ХХК анхна өрөмдлөг хийж, 2000-2008 оны хооронд "Айванхоу Майнз Инк" компани хайгуул хийж нөөц тогоосон байна.
"Оюутолгой" ХХК ГУРАВ, "Онтрэ" ХХК ХОЁР тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Оюутолгойн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг "Рио Тинто" групп шууд эзэмшдэг. 2009 онд Монгол Улсын Засгийн газар "Рио Тинто интернэшнл холдингс лимитед" компани хоорондоо тус ордын зэс, алтны ордыг ашиглах гэрээ байгуулж байв. 2011 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр "Эрдэнэс Оюу Толгой" ХХК байгуулагдсан. Тус охин компани төрийн эзэмшлийн 34 хувийг төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг. "Рио Тинто" компани 30 жил эзэмших ба 20 жилээр хоёр удаа сунгах боломжтой.
Тогтоогдсон нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан нийт ТАВАН тусгай зөвшөөрлийн хэмжээнд 77708.22 га-гаар тодорхойлохоор болжээ. Үүний 7685.41 га нь Ханбогд сумын, 857.82 га нь Баян-Овоо сумын нутгийг хамарч буй аж.
ДОЛОО. Бороогийн алтны орд
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах ордын нөөцийг 1992 онд 43201 кг-аар бүртгэж байжээ. 2014, 2015 онуудад "Сэлэнгэ Минералс" нөөцийн тооцоолол хийсэн.
"Бороо гоулд" ХХК ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Алтны нэг тусгай зөвшөөрөл бүхий талбайд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын 2 сая 387 мянган ам.долларыг "Бороо гоулд" ХХК 2002 онд төлсөн аж. 2003-2014 он хүртэл 59.3 тонн алт олборложээ.
2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар Бороогийн алтны үндсэн ордын нөөцийн үлдэгдэл 4780.86 кг гэж тооцоолсон. Нөөц бүхий талбай, ил уурхайн хүрээ тэлэх боломж зэргийг харгалзан 229.76 га-гаар тодорхойлохоор болж.
НАЙМ. Төмөртэй төмрийн хүдрийн орд
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах ордод 1981-1984 онд урьдчилсан, 1990-1992 онд нарийвчилсан хайгуул хийж байсан. B+C1 зэргээр 157.7 сая.тонн, С2 зэргээр 71.59 сая.тонн, В+C1+C2 зэргээр 229.2 сая.тонн төмрийн хүдрийн нөөц тогтоогдсон аж. 2011-2021 онуудад нийт 11722.61 мян.тонн төмрийн хүдэр олборлож, 2021 оны эцсээр 226650.83 мян.тонн нөөц байгаа гэж тодорхойлогджээ.
"Их баян төмөртэй" ХХК нэг, "Эрдэнэс групп" ХХК нэг, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" УҮГ нэг гэхчлэн тус бүр нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" УҮГ-ын тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдсэн улсын төсвийн хөрөнгийн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн гэрээг 2012 онд 4799039.86 ам.доллароор байгуулсан байна.
Хил заагийг 5463.23 га-гаар тодорхойлохоор болжээ.
Нэгтгэхэд, төрийн мэдэлд байгаа долоон ордын гурвынх нь, хувийн хэвшилд байгаа есөн ордын тавынх хил заагийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тодорхойлжээ.
Асгатын мөнгөний орд, Төмөртэй төмрийн хүдрийн орд, Оюутолгойн бүлэг ордын 34 хувь нь төрийнх. Төмөртэйн овооны цайрын орд, Дорнодын ураны орд, Мардайн ураны орд, Гурванбулагийн ураны орд, Бороогийн алтны орд зэрэг нь хувьд байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны тодорхойлсон хил зааг иргэн болон хуулийн этгээдийн өмчлөх эрхийн талбайтай давхцаж байгааг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар дараах байдлаар гаргажээ.
Асгатын мөнгөний орд тодорхойгүй
Төмөртэйн овооны цайрын орд 1298.98 га талбай бүхий 1 нэгж талбартай
Дорнодын ураны орд 1 га талбай бүхий 1 нэгж талбартай
Гурванбулагийн ураны орд 410.79 га талбай бүхий 3 нэгж талбартай
Оюутолгойн бүлэг орд нийт 14137.01 га талбай бүхий 98 нэгж талбартай
Бороогийн алтны орд 1056.69 га талбай бүхий 2 нэгж талбартай
Төмөртэйн төмрийн хүдрийн орд 2848.11 га талбай бүхий 153 нэгж талбартай давхцаж байна гэжээ.
Найман ордод тодорхойлсон хил зааг иргэн, ААН-ийн 260 гаруй нэгжтэй давхацаж байна гэсэн үг юм. Чингэхлээр, ашигт малтмалын ордын талбайтай давхцаж буй иргэн, ААН-үүд нөхөн олговор олгож нүүлгэн шилжүүлэх асуудал хөндөгдөх юм.
BY
П. Урнаа
Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-04-16