1 MONGOLIA ISSUES E-VISAS TO 11,575 FOREIGNERS IN Q1 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/04/29      2 KOREA AN IDEAL PARTNER TO HELP MONGOLIA GROW, SEOUL'S ENVOY SAYS WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM  PUBLISHED:2025/04/29      3 MINISTER OF FOREIGN AFFAIRS OF MONGOLIA TO PAY AN OFFICIAL VISIT TO THE KINGDOM OF SPAIN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      4 MONGOLIA TO HOST THE 30TH ANNUAL GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/04/29      5 BAGAKHANGAI-KHUSHIG VALLEY RAILWAY PROJECT LAUNCHES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/29      6 THE MONGOLIAN BUSINESS ENVIRONMENT AND FDI: CHALLENGES AND OPPORTUNITY WWW.MELVILLEDALAI.COM  PUBLISHED:2025/04/28      7 DOMESTIC OIL REFINERY TO SUPPLY 80,000 TONS OF JET FUEL YEARLY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/04/28      8 BUSINESS OFFER FROM MBD THAILAND WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/04/28      9 STAKEHOLDER FEEDBACK WORKSHOP: BANK OF MONGOLIA’S ESG RISK BASED SUPERVISION FRAMEWORK 07 MAY 2025, 09:00 - 12:30 ULAANBAATAR TIME | BY INVITATION ONLY WWW.UNESCAP.ORG PUBLISHED:2025/04/28      10 NATIONAL ASSEMBLY SPEAKER TO VISIT MONGOLIA FOR PARLIAMENTARY DIPLOMACY, CLIMATE COOPERATION WWW.KOREAJOONGANGDAILY.JOINS.COM  PUBLISHED:2025/04/28      MCS-ИЙН ХОЁР ДАХЬ “УХАА ХУДАГ”: БНХАУ, АВСТРАЛИТАЙ ХАМТРАН ЭЗЭМШДЭГ БАРУУН НАРАНГИЙН ХАЙГУУЛЫГ УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИЖ 3595 ТӨГРӨГ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     8 ИХ НАЯДЫН ТӨСӨВТЭЙ МЕТРО БАРИХ ТЕНДЕРТ ХЯТАД, ОРОС, ТЭРГҮҮТЭЙ 27 КОМПАНИ МАТЕРИАЛАА ИРҮҮЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     ЕВРАЗИ: ТАРИФЫГ БҮРЭН ТЭГЛЭХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/29     "СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН 820 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ МОНГОЛ КОМПАНИ ОРОЛЦУУЛААГҮЙ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/28     УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Ц.АНАНДБАЗАР МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/28     БИЗНЕС САНАЛ: MBD THAILAND WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/04/28     ЭТТ: НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭЖ ЧАДСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/04/28     ПАП ФРАНЦИСТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭХ ЁСЛОЛД С.БАТЦЭЦЭГ САЙД ОРОЛЦОЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/04/28     МОНГОЛ БАНКНЫ НЭРИЙГ АШИГЛАН ОЛОН УЛСАД "ГАДААД БОНД"-ЫН ЛУЙВАР ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/04/28    

MCS-ийн хоёр дахь “Ухаа худаг”: БНХАУ, Австралитай хамтран эзэмшдэг Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийжээ www.eguur.mn

Товч агуулга: Олон нийт төдийлөн мэддэггүй Баруун нарангийн нүүрсний орд нь Тавантолгойн бүлэг ордтой геологийн формацын хувьд ижил ч бүрэлдэхүүнд нь албан ёсоор багтдаггүй.
Тус ордыг MCS групп "Хангад эксплорейшн" компаниараа 2011 оноос хойш эзэмшиж байна. Хоёр дахь Ухаа худаг гэж болмоор энэ орд дээр сүүлийн жилүүдэд томоохон эргэлтүүд гарчээ.
Ноднин MCS эзэмшлийнхээ 20 хувийг БНХАУ-ын компанид зарж, давхар Австралийн компанитай хамтран байгалийн хийн хайгуул хийж байна.
Сонирхолтой нь, Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийж, ашиглалтын лицензийг С.Баярын Засгийн газрын үед /2008 он/ гаднын компанид олгож байжээ.
 “Энержи ресурс”-ийн толгой компани бол MMC буюу Mongolian Mining Corporation юм.
Харин түүний охин компани, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Coal Corporation Limited нь гурав салаалдаг.  
Энэ гурван салааны нэг үзүүр “Энержи ресурс” бол нөгөө салаа нь “Хангад эксплорейшн” ХХК юм. Харин энэ компани Өмнөговьд бас нэгэн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Өөрөөр хэлбэл MMC, олон нийт мэддэгчлэн М-Си-Эс групп бол,
Ухаа худгийн ордыг “Энержи ресурс”-ээр
Баруун нарангийн ордыг “Хангад экспорейшн”-ээр дамжуулан эзэмшиж байгаа гэсэн үг.
Баруун нарангийн орд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд, Ухаахудгийн уурхайгаас 30-хан км-ын зайд байрлана. 4,482.0 га талбайг хамрах бөгөөд олон улсын ЖОРК ангилалаар хийсэн урьдчилан тооцооллоор нийт 330 сая тонн нүүрсний нөөцтэй.
“Хангад Эксплорэйшн” ХХК тус ордыг 2012 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2050 он хүртэл жилд 5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байдаг.
Харин “Энержи ресурс”-ийн Ухаа худаг улс төрийн сэдэв болон хэлэлцэгдэхээс өмнө “Хангад Эксплорейшн”-ийн Баруун наранд томоохон хөдөлгөөнүүд ороод амжжээ.
2024 онд 20 хувиа БНХАУ-ын “Jiyaou International”-д заржээ
Юуны өмнө “Хангад Эксплорейшн” гэж компанийн бүртгэлд өөрчлөлт орсон талаар дурдъя. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулагч нэмэгдэж, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Нөгөө талаас “Баруун наран газ” гэдэг бас нэгэн компани байгуулагдан, түүнд Австралийн Jade Gas хувь эзэмшиж, байгалийн хийн хайгуул хийж эхэлсэн талаар дараа нь өгүүлнэ.
Олон улсын хэвлэл дэх мэдээллүүдийг шүүж үзвэл, жил гаруйн өмнө буюу 2024 оны хоёрдугаар сард “Хангад экспорейшн”-ий 20 хувийг 88.8 сая ам.доллароор БНХАУ-ын “Jiyaou International Logistics” худалдан авсан байгаа юм.
Ингэснээр “Хангад экспорейшн”-ийн улсын бүртгэлийн мэдээлэл 2024.06.02-нд өөрчлөгдөж,
Гүйцэтгэх захирлаар нь Д.Энхбат
ТУЗ-ийн даргаар нь “Энержи ресурс”-ийн Г.Батцэнгэл болж
Хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Jiyaou International Logistics” нэмэгдэж орж иржээ.
Үндсэн хөрөнгө оруулагч нь бол Люксембургийн оффшор бүсэд бүртгэлтэй, MMC-ийн охин компани “Baruun Naran S.a.r.l” хэвээр байна.
Эцсийн өмчлөгч Ж.Оджаргал.
Өөрөөр хэлбэл, “Хангад экспорейшн”-ий 80 хувийг М-Си-Эс, 20 хувийг “Jiyaou International Logistics” эзэмшдэг болжээ.
2024 оны сүүлээр “Jiyaou”-ийн охин компанитай гэрээ байгуулжээ
БНХАУ-ын компанид ийн 20 хувиа зараад, 2024 оны сүүлээр хэлцэл хийжээ.
2024.11.05-нд хийсэн уг хэлцлээр, “Jiayou International Logistics”-ийн охин компани болох Wanli-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Улмаар MMC-ийн охин компаниуд болох Energy Resources, Khangad Exploration нь жил бүр 1.5–3 сая тонн нүүрсийг (хатуу коксжих нүүрс, хагас зөөлөн коксжих нүүрс, угаасан дулааны нүүрс зэрэг) Wanli-д нийлүүлж, Ганцмод боомтоор дамжуулан эцсийн хэрэглэгчдэд түгээхээр тохиролцсон байна.
Гэрээний дагуу Wanli нь нүүрсний импорт, гаалийн бүрдүүлэлт, ложистик, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт зэрэг үйлчилгээг үзүүлэх бөгөөд эдгээр үйлчилгээний төлбөрийг MMC-ийн охин компаниуд сар бүрийн зардлын тайлангийн дагуу төлнө.
Гэрээний хугацаа 2025.01.01-нээс эхлэн таван жил үргэлжилнэ. Жил бүрийн үйлчилгээний дээд хязгаар 2025 онд 534.1 сая юань (ойролцоогоор 75.2 сая ам.доллар) байхаар тогтоосон аж.
Ерөнхийдөө Баруун нарангийн нүүрсний орд тогтмол худалдан авагчтай, тээврийг нь хийдэг БНХАУ-ын компанитай болоод авчээ.
Сонирхолтой нь, “Хангад эксплорейшн”-ий 20 хувийг эзэмших болсон “Jiyaou International” нь өөрөө Барууннарангаас нүүрс авна, өөрийнхаа охин компаниар тээврээ хийнэ гэдэг анхаарал татаж байгаа юм.
"Jiyaou International” үүний өмнөхөн Монголын хөрөнгийн биржтэй санамж бичиг байгуулжээ
"Jiayou International Logistics" 2005 онд үүсгэн байгуулагдсан, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй. БНХАУ-ын тэргүүлэгч ложистикийн компани гэгддэг. Үндсэн сайтдаа: Хил дамнасан олон төрлийн тээвэр, ухаалаг систем бүхий агуулахын үйл ажиллагаа, хуурай боомтын үйл ажиллагаа эрхэлдэг гэж бичжээ.
Ташрамд, энэ компани “Хангад экспорейшн”-ий 20 хувийг эзэмшсэнийхээ дараа буюу 2024.09.20-нд Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.
Санамж бичгийн хүрээнд "Jiayou international logistics" нь Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар бүтээгдэхүүн худалдан авсан этгээдэд,
Гаалийн баталгаат агуулах, нүүрс ачилт буулгалтын битүү талбайг урьдчилан нөөцөлж хадгалах
 Нүүрс буулгалтын чингэлгийн хяналтын талбай, чингэлэг түрээс, гаалийн мэдүүлэх зэрэг үйлчилгээг хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр үзүүлэх
Хил дамнасан логистикийн цогц үйлчилгээг нэн түрүүнд үзүүлэхэд зорьж ажиллана гэж харилцанг тохиролцжээ.
Австралийн “Jade Gas” 66 хувь эзэмшдэг өөр компани метан хийн хайгуул хийж байна
Тэгвэл нөгөө талд, Баруун нарангийн орд дээр байгалийн хийн хайгуул ч идэвхтэй хийгдэж байна.
Австралийн “Jade Gas Holdings” компани 2022 оны наймдугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж. Улмаар “Хангад эксплорейшн”-тэй хамтарсан компани болох “Баруун наран газ”-ийг байгуулж, 66 хувийг нь эзэмшжээ.
Jade Gas нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг гүйцэтгэж, 2023 онд BNG-1 болон BNG-2 өрөмдлөгийн цооногуудыг амжилттай өрөмдөж, нөөц илрүүлсэн.
Хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сард BNG-3 цооногт 104.6 метрийн хийн агууламжтай нүүрсний давхаргыг илрүүлээд байгаа аж.
Баруун нарангийн хайгуулыг улсын төсвөөр хийжээ
Баруун наран орд Засгийн газрын 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан стратегийн 16 ордын жагсаалтад багтаагүй.
Гэхдкээ стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар хүлээгдэж буй. Үүнд багтах магадлал өндөр юм.
Учир нь Тавантолгойн бүлэг ордын нүүрсний формацад хамаардаг. Геологийн бүтэц, насжилтын хувьд ижил төсөөтэй гэсэн үг. Албан ёсны бүрэлдэхүүнд нь хамаардаггүй ч геологийн тогтцынх нь нэг хэсэг хэмээн ойлгож болох юм.
Тэгвэл, хайгуулыг нь 1983-1993 онд улсын төсвийн хөрөнгөөр хийжээ.
Иймд хэрэв стратегийн ордод хамааруулж авч үзвэл, 50 хүртэлх хувийг төр эзэмших асуудал хөндөгдөх магадлал бий.
Ашиглалтын лиценз С.Баярын ЗГ-ын үед анх Канадын компанид очиж байжээ
Түүх сөхвөл, Засгийн газраас Баруун наран ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2002 оны сүүлээр “Канадын QGX”  компани авч байжээ. Тус компани 2005 оноос эхлэн өрөмдлөгийн ажил хийж, ордын нүүрсний нөөцийг шинэчлэн тогтоосон аж.
Харин 2008 оны 12-р сард “QGХ” нь ашиглалтын лицензийг 30 жилийн хугацаатай авсан. 2008 он бол Ухаа худгийн ордыг Засгийн газрын тэмдэглэлээр MСS-т өгсөн жил, С.Баяр Ерөнхий сайд байсан цаг үе.
Үүнээс гурван жилийн дараа Ж.Оджаргалын Mongolian Mining Corporation компани 464.5 сая ам.доллароор худалдан авч, өөрийн болгосон түүхтэй юм байна. Ойр байрладаг учир олборлосон нүүрсээ Ухаа худаг руу тээвэрлэж ирсэн аж.
М.ТЭНГИС



Нийтэлсэн огноо2025-04-29