Монголд гадны банк нээх нь хэрэглэгчдэд өгөөжтэй ч дотоодын банк санхүүгийн салбарт эрсдэлтэй www.eguur.mn
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-д ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өртгөсөн хуралдааны үеэр Монголд Оросын банк нээх зөвшөөрлийг олгоход бэлэн хэмээн илэрхийлсэн.
Монголд гадны банк оруулж ирэх асуудал тодорхой цаг үеүдэд хөндөгдсөөр ирсэн бөгөөд өмнө нь Хятадын Bank of China орж ирнэ хэмээн яригдаж байгаад намжсан.
Гадны банк Монголд орж ирэх нь манай банк санхүүгийн салбарт эрсдэлтэй юу, ямар нөхцөл үүсэх вэ
Дотоодын арилжааны банкнуудын хүү өндөр, инфляцын болон зах зээлийн нөхцөл байдал, татварын орчин зэргээс хамааран чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нөхцөл болж байдаг. Монголын банкны зах зээлийн хөрөнгийн хэмжээ 22 их наяд орчим төгрөг дотор бөгөөд гадны банк орж ирвэл томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр түлхүү оролцох нь дотоодын банк салбарт эрсдэл багатай гэж салбарынхан тайлбарладаг.
Эерэг талыг нь харвал гадны банк орж ирснээр дотоодын банкуудын хүү буурах, зээлийн бүтээгдэхүүн, санхүүгийн үйлчилгээний чанар сайжрах, технологи, цахим үйлчилгээ зэрэг дотоод орчны өөрчлөлтүүд мэдрэгдэх боломжтой. Мөн том зах зээлтэй улсын хувьд тухайлбал Орос, Хятадын банкууд нь том капиталтай, улсаас дэмжлэгтэй, эрсдэл хүлээх чадвар өндөр зэрэг давуу тал үүсдэг.
Монголд Оросын банк орж ирэх хамгийн боломжит хувилбар нь Сбербанк гэвэл улсынхаа хамгийн том арилжааны банкны нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд 2022 онд гэхэд тус банкны цэвэр ашиг 270 тэрбум рубль буюу 3.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.
Түүнчлэн БНХАУ-д салбараа тэлж, UnionPay-д нэгдсэн төдийгүй Орос, Хятад хоёр улсын худалдаа ч үүнийг дагаад өсөж, худалдаанд юанийн эзлэх хувь даруй хэд дахин өссөн.
ОХУ-ын одоогийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж тус улстай гадаад худалдааны гүйлгээгээ юаниар хийх нь ихэссэн бөгөөд юаньтай холбоотой санхүүгийн нөлөөлөл өсөх, том капиталтйй банкны хувьд дотоодын жижиг банкуудын орон зайг хумих, эхэн үедээ хүү буурах ч удалгүй энэ давуу талаараа хүүг өсгөх нөхцөл ч үүсэхийг үгүйсгэх аргагүй юм.
Иймээс гадны банк орж ирэхээр бол дотоодын банкуудын өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр гадны хөрөнгө оруулалт татах байдлаар оролцуулах нь илүү оновчтой хувилбар. Тухайлбал, төмөр зам, эрчим хүч, цахилгаан станц, уул уурхайн төслүүдэд зээлийн хүү багатай дунд хугацааны санхүүжилтийг санал болгох боломж бий.
Харин хэрэглэгчдийн хувьд гадны банк орж ирэх нь хадгаламжийн хүү өсөх, зээлийн хүү буурах, үйлчилгээний шимтгэл багасах, сүүлийн үеийн технологийн шинэчлэл, үйлчилгээний олон талт сонголтууд зэргээрээ ОХУ-ын Сбербанкны Казахстан, Хятад зэрэг орнуудад үйл ажиллагаагаа тэлсэн эерэг нөхцлүүдээс харж болно.
Том зургаар нь харвал урт хугацаандаа Оросын банк орж ирэх нь олон улсын хоригт орох, геополитикийн эрсдэл үүсэх зэрэг нөхцлийг мөн тоочихгүй өнгөрч болохгүй. Монголд гадны банк нээх эсэх асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байж эцэслэдэг билээ.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2025-11-20





