А.Өлзийдэлгэр: Төгрөг суларсаар байвал эдийн засаг, цаашлаад тусгаар тогтнолд эрсдэл үүснэ www.itoim.mn
Манай улсын төлбөрийн тэнцлээс үүдсэн төгрөгийн ханш сулрах дарамт энэ оны эхний улиралд харьцангуй их байсан тул Монголбанк эрэлт, нийлүүлэлтийн зөрүүнээс шалтгаалсан хэлбэлзлийг багасгахад анхаарч байна. Иймээс төгрөгийн ханш суларч байгаа шалтгаан, цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй байгаа талаар Мандал Капитал Маркетс ҮЦК-ийн гүйцэтгэх захирал А.Өлзийдэлгэртэй цөөн хором ярилцлаа.
-Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валюттай харьцах ханш он гарсаар суларсаар байна. Голлон нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар та юу хэлэх вэ?
-Ер нь төгрөгийн ханш сүүлийн 30 жил тасралтгүй суларсаар ирсэн. Төгрөгийн ханш суларснаар бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх, худалдан авах чадвар муудах зэрэг санхүүгийн дарамтад ордог. Төгрөгийн ханш суларч байгаа нь монголчууд өдөр тутмын худалдан авалтаас эхлээд ихэнх зүйлээ гаднаас худалдаж авдаг. Дотооддоо бараа, бүтээгдэхүүн бага үйлдвэрлэдэг. Иймд зардал хэзээ ч буурдаггүй. Хүний хэрэглээ, төсвийн зарцуулалт нэмэгдэхийн хэрээр үргэлж өсдөг. Гэтэл нөгөө талд валютаар орж ирж байгаа орлого багасаж байгаа учраас ам.долларын ханш өсөөд байна. Валютын ханшийн орлого буюу нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг түүхий эд байна. Орлого талдаа түүхий эд буюу боловсруулаагүй бүтээгдэхүүн гаргах нь эрсдэлтэй. Яагаад гэвэл олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ циклийн дагуу өсөж, буурч байдаг. Өсөлтийн цикл нь өнгөрсөн гурван жилд тохиолоо. Одоо уналтын цикл эхэлж байна гэж харж байна. Тэгэхээр энэ циклд их мэдрэг орлоготой байгаа учраас үе үе валютын ханш төгрөгийн эсрэг хүчтэй чангарах, төгрөг хүчтэй сулрах эрсдэлийг бүрдүүлээд байна.
-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай вэ?
-Монгол Улс уул уурхайн орон. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хэчнээн үйлдвэрлэлээ ч бусад оронтой адил үйлдвэрлэж чадахгүй. Иймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй. Олон жил л энэ талаар ярьж байгаа. Ядаж л нүүрсээ түүхийгээр нь угааж гаргахгүй, зэсийн хүдрийг хүдэр хэлбэрээр нь биш баяжуулж эцсийн бүтээгдэхүүн гаргах шаардлагатай. Ингэж чадвал валютын орлого тогтвортой, өсөлттэй байж чадна. Ингэснээр ханш тогтвортой байх боломжтой.
Мөн төгрөгийн ханш сулрахад гол нөлөөлж байгаа зүйл нь Монгол Улсын төсвийн тэлэлт. Мэдээж төсөв төгрөгөөр илэрхийлэгддэг. Төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа зардал ихсэхийн хэрээр валютын зардал өсдөг. Тэгэхээр валютын ханшийн сулралд шууд нөлөөлж байгаа. Тиймээс нүүрсний үнэ буурч, орлого багассан байгаа энэ үед дагаад төсвийн зардал буурдаг байх хэрэгтэй байна. Төгрөг хэвлээд байдаг нөгөө талд нь валютын орлого буураад байхаар ханш сулрахаас өөр аргагүй. Иймд ойрын хугацаанд төсвөө хянах шаардлагатай. Дэд бүтцүүдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд төсвөө зарцуулмаар байна. Гэтэл одоо халамж, мөнгө тараалт гээд төгрөг цацаад байгаа нь ийм нөхцөлд хүргэж байна.
-Төгрөгийн ханш суларсаар байвал ямар эрсдэл бий болох вэ. Цаашдын нөхцөл байдлыг судлаач хүний хувьд та хэрхэн харж байгаа вэ?
-Засгийн газраас, УИХ-аас богино, дунд, урт хугацааны бодлого, зохицуулалт хийхгүй бол төгрөгийн ханш суларсаар байна. Дараагийн 30 жилд дахиад суларна. Хэрэв төгрөгийн ханш суларсаар байвал монголчуудын худалдан авах чадвар сайжрахгүй. Төгрөгт итгэх итгэлээ алдана. Ингэснээр гаднын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Хадгаламжийн хүү өндөр болно. Үүнийг дагаад зээлийн хүү ч өндөр байна. ААН-үүд бизнес хийх улам л хэцүү болно гэсэн үг. Монголд жижиг дунд бизнес хөгжих боломжгүй байдал хэвээрээ үргэлжилнэ. Ер нь энэ улсын эдийн засагт гэрэл гэгээ харагдахгүй болоод удаж байна. Валютын ханш сулраад байвал ард иргэдийн хувьд ч юунд найдаж, юу хөгжинө, сайхан болно гэж амьдрах вэ гэдэг итгэл үнэмшлийг харуулахгүй байна. Иймээс улсын эдийн засаг, цаашлаад тусгаар тогтнолд том эрсдэл байсаар байна. Үүнийг нэн яаралтай засах хэрэгтэй.
-Төгрөгийн ханш суларч байгаа үед иргэд хэрхэн хуримтлал бий болгох нь зохистой вэ?
-Валютын ханш хүчтэй суларч байгаа үед зардал байнга өсдөг. Нөгөө талд орлого өсөхгүй. Яагаад гэвэл орлогыг зөвхөн уул уурхайн түүхий эдээс олж байгаа. Энэ нь хүн болгонд жигд хуваарилагдаж явдаггүй онцлогтой салбар. Яг энэ секторт ажиллаж байгаа ажилчдын орлого л өснө. Тиймээс хуримтлалтай болох боломж улам багасна. Өдөр тутмын амьдралаа яах вэ гэсэн байдал үүсэж байгаа. Баян, хоосны ялгаа улам тодорч, нийгэмд тогтворгүй байдал нэмэгдээд байна. Хэрэв хуримтлал үүсгэе гэвэл гадаад валютаар үүсгэсэн нь илүү найдвартай. Төгрөг нь үнэ цэнгүй болоод байгаа учраас хамгийн багадаа 18 хувийн өгөөж өгөх дотоодын бондууд руу хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэгж байж төгрөгийн үнэ цэн хадгалагдана.
-Ярилцсанд баярлалаа.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-05-28