Элчин сайдууд Монголын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэв www.itoim.mn
Монгол Улсын сүүлийн үеийн нөхцөл байдал, түүнийг дагасан нийгэм эдийн засгийн байдал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг айдас, мөн эргэлзээнд оруулж буй. Ялангуяа, Монголын уул уурхайн салбарыг чиглэсэн шинэ хөрөнгө оруулалтууд дахин хүлээлтийн байдалд шилжсэн гэх мэдээллийг танхим болон Америкийн худалдааны төлөөлөгчийн газраас өгч буй. Тэгвэл Монгол Улсад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын асуудал, үүнд учирч болзошгүй эрдсэлийг Монгол Улсад суугаа Элчин сайдууд хэрхэн харж, дүгнэж байгааг тодрууллаа. Энэ удаа Канад болон Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд нараас авсан байр суурийг хүргэж байна.
Үзэл бодлын аливаа зөрчлийг хүчирхийлэл болговол энэ айдас нь гадаадын бусад компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад сөргөөр нөлөөлнө
Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Сандра Шуфани:
-Сүүлийн үед, цөөн тооны зарим хүн уул уурхайн салбарын талаар сөрөг хандлага үндэслэлгүйгээр гаргах болсныг бид харамсалтайгаар ажиглаж байна. Аливаа эрүүл ардчилсан нийгэмд иргэд үзэл бодлоо чөлөөтэйгээр, хууль ёсоор илэрхийлэхдээ хариу арга хэмжээнд өртөх айдасгүй байх ёстой.
Канад Улсын хувьд гадаад улс орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн улсын компаниудад Канадад тавьдаг шаардлага, стандартаа ижил тавьдаг. Монголд үйл ажиллагаа эрхлэх канад компаниуд ч мөн адил тогтвортой хөгжил, бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу эрхлэх үүрэг хариуцлагыг чандлан хүлээдэг гэсэн үг.
Тухайлбал, үйл ажиллагаа эрхэлж буй газрынхаа оршин суугч, иргэдтэй нягт хамтран ажиллаж, үйл ажиллагаанаас нь байгаль орчинд үүсч байгаа нөлөөлөл, олборлолтын өмнө, уурхайн үйл ажиллагаа явагдах үед болон дараа нь тэдгээр эрсдэлийг хэрхэн саармагжуулж байгаа талаараа мэдээлэл өгдөг.
Монгол Улсын уул уурхайн салбарт оруулах хувийн хэвшлийн үүрэг маш чухал. Монгол Улсын ДНБ-ний дөрөвний нэг нь уул уурхайн салбараас хамааралтай байгаа өнөөгийн нөхцөлд Монголын Засгийн газар энэ зах зээлд үйл ажиллагаа явуулахад аюулгүй, урьдчилан таамаглаж болохуйц нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
Хамгийн чухал нь үзэл бодлын аливаа зөрчлийг хүчирхийллээр бус, нээлттэй ярилцаж, бүтээлч байдлаар шийдэх боломжтой гэж бид үргэлж итгэдэг.
Харамсалтай нь энэ төрлийн мэдээллүүд хил даван түгэж байгаа бөгөөд үүсгэх айдас нь гадаадын бусад компаниуд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад сөргөөр нөлөөлнө.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн анхдагч тулгуур нь одоогоор уул уурхайн салбар байгаа энэ үед эдийн засаг талаасаа сөрөг нөлөөтэй байж болох юм. Канад компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулж, ажлын байр үүсгэж, орон нутгийн өсөлт хөгжлийг дэмжин, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж ирсэн түүхтэй. Энэ улсад, ялангуяа уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг хэвээр хадгалахын төлөө Монгол Улстай хамтран ажиллахдаа баяртай байх болно.
Монгол Улс гаднаас хараат байдлын “урхинд” орохгүйн тулд эдийн засгаа улам илүү төрөлжүүлж эхлэх чухал сорилтуудтай нүүр тулж байгаа
Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Коринн Пэрера:
Ямар ч ардчилсан нийгэмд, ганц уул уурхай гэлтгүй аль ч салбарт хамаатай томоохон хөрөнгө оруулалт, төслүүдийн талаар асуулт асууж, шүүмж тавих нь зүй ёсны хэрэг. Харин хөрөнгө оруулагчид болон тэдний албан ёсны төлөөллүүдийн эсрэг хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэх мөн харилцан хэлэлцэж байгуулсан аливаа гэрээ хэлэлцээрийг зөвхөн нэг талын байр сууриар дахин хөндөх зэрэг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй хэм хэмжээ юм.
Эдгээр нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн томоохон шинэчлэлүүдийг хийж хэрэгжүүлэхээр өндөр хүсэл тэмүүлэлтэй ажиллаж буй Монголын төр засгийн үйл ажиллагаанд хор нөлөө дагуулах сөрөг талтай. Аливаа хөрөнгө оруулалт бол харилцан ашигтай байх зарчимтай. Уг зарчим уул уурхайн салбарт бусад салбаруудаас өөрөөр үйлчлэх учиргүй.
Монгол Улс гаднаас хараат байдлын “урхинд” орохгүйн тулд эдийн засгаа улам илүү төрөлжүүлж эхлэх чухал сорилтуудтай нүүр тулж буй. Мөн үр шимийг нь хараахан хүртэж эхлээгүй чухал нөөцтэй улс бөгөөд үүнийгээ бүрэн ашиглаж үнэд хүргэх өндөр сонирхолтой гэж ойлгодог. Иймээс ил тод байдал, хууль эрх зүйн тогтвортой орчин, компаниудыг дэмжих нөхцөл, хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх тогтолцоо, тэдний санал гомдлыг хүлээн авч, эрхийг нь хамгаалах зэрэг асуудлуудыг бүрэн хангаж чадсанаар дээрх сорилтуудыг даван туулахад үр нөлөөгөө өгч, гадаадын хөрөнгө оруулагчид өсөн нэмэгдэх болно.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-05-29