1 HOW DISMANTLING THE US MILLENNIUM CHALLENGE CORPORATION WILL UNDERMINE MONGOLIA WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/05/30      2 ORBMINCO ADVANCES BRONZE FOX PROJECT IN KINCORA COPPER PROJECT IN MONGOLIA WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/05/30      3 MONGOLIA SOLAR ENERGY SECTOR GROWTH: 1,000 MW BY 2025 SUCCESS WWW.PVKNOWHOW.COM PUBLISHED:2025/05/30      4 AMCHAM LEADERSHIP IN SHAPING MONGOLIA’S INVESTMENT CLIMATE: AMBASSADOR’S REMARKS WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2025/05/30      5 INDIAN ARMY CONTINGENT DEPARTS FOR INDIA-MONGOLIA JOINT MILITARY EXERCISE NOMADIC ELEPHANT WWW.PIB.GOV.IN PUBLISHED:2025/05/30      6 DEPUTY FOREIGN MINISTERS OF MONGOLIA, RUSSIA, AND THE PRC HOLD TRILATERAL MEETING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/30      7 WILL CITIZENS HAVE TO PAY FOR SOCIAL INSURANCE DEFICIT? WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/05/30      8 PRESIDENT U.KHURELSUKH: I WILL NOT SUPPORT CONSTITUTIONAL AMENDMENTS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/05/29      9 MONGOLIA EQUITY INVESTMENT: UNLOCKING HIDDEN VALUE AND LONG-TERM RETURNS WWW.DELPHOS.CO  PUBLISHED:2025/05/29      10 INFLATION TO BE MAINTAINED AT 7 PERCENT IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/05/29      ГОВИЙН БҮСИЙН ЧИГЛЭЛД УУЛ УУРХАЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ БҮРЭН ЗОГСООНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     СОР17 УЛААНБААТАР ХОТНОО 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 17-28-НД БОЛНО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ 07:00 ЦАГТ ЭХЭЛЖ 16:00 ЦАГТ ТАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ ГУРВАН ШААРДЛАГА ТАВЬЖЭЭ WWW.ZINDAA.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     2027 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД СЭЛБЭ ТӨВИЙН 13 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БҮРЭН АШИГЛАЛТАД ОРНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     ЭДИЙН ЗАСАГЧ Р.СУГАРХҮҮ: МОНГОЛД ТӨР БИЗНЕС ХОЁР ХЭТ ОЙР БАЙХ НЬ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/30     У.ХҮРЭЛСҮХ: ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29     МОНГОЛЫН ГОВИОС ТАНГУУДЫН ҮЕИЙН ХАНА, ХЭРЭМ ОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК МОНГОЛЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/05/29    

Эдийн засагч Р.Сугархүү: Монголд төр бизнес хоёр хэт ойр байх нь чөлөөт зах зээлийн ажиллах боломжийг үгүй хийж байна www.eguur.mn

Эдийн засагч, Герман улсын Боннын их сургуулийн докторант Р.Сугархүүтэй ярилцлаа.
Монголын эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай болж эхэллээ
- Дэлхийн улс орнуудад эдийн засгийн өсөлтөө урт хугацаанд хадгалахад сорилтын жилүүд болох төлөв ажиглагдаж байна. Та эдийн засагч хүний хувьд Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн тодорхойлох вэ?
-Таны хэлсэнтэй санал нэг байна. Дэлхийн улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах сорилттой тулгарч буй нь үнэн. Ялангуяа дэлхий дахиныг хамарсан цар тахлаас хойш. 
Манай улсын хувьд оны эхний улиралд эдийн засаг өмнөх оны мөн үеэс 2.4% өссөн нь Ковид-19-ийн үеэс хойш хамгийн удаан өсөлт боллоо. Нүүрсний экспортын тоо хэмжээ өмнөх оноос буурсан, үнэ 40% унасан нь үүний хамгийн том шалтгаан. Түүнийгээ дагаад тээвэр, худалдаа, барилга гээд ихэнх салбар уналттай байгааг харж болно. Мөн гадаад худалдааны ашиг 1 тэрбум ам.доллараар огцом буурч төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхний 4 сард 4 орчим хувиар суларлаа. Нүүрсээ даган төсвийн орлого эхний 4 сард 1.2 их наядаар тасарч, төсөв сүүлийн 3 жилд анх удаа алдагдалтай явж байна гэхчлэн урт хугацаанд эдийн засгаа сэргээх шаардлага, үүсэж байна гэсэн үг. 
Санхүүгийн салбарт зээлийн өсөлт арилжааны банкуудад жилийн 30 хувь, ББСБ-ын хувьд 60 хувь байгаа нь сүүлийн 10-аад жилийн хамгийн өндөр өсөлт болоод байна. Энэ нь иргэдийн цалин нэмэгдсэн, эдийн засгийн идэвхжил сайн байсантай холбоотой. Уг зээлийн тэлэлт болон өнгөрсөн оны эрчим хүчний үнэ чөлөөлөх үйл явцтай холбоотойгоор инфляци 4-р сарын байдлаар 8.6% байгаа нь Монголбанкны зорилтот 6%-иас өндөр байна. Өрхийн орлого 16%-иар өссөн боловч инфляцийг тооцвол 7 орчим хувь буурч байгаа зэргээс харахад Монголын эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай болж эхэлж байна. 
-Улсын төсвийн орлогын бүрдүүлэлтийг уул уурхайн савлагаатай бүтээгдэхүүнд хэт найддаг болсон. Гэтэл үнэ нь өсөх, экспорт нэмэгдэх үед л төгрөгийн ханш чангардаг үзэгдлүүд үүнийг дагаад бий болж байна. Энэ нь эдийн засгийн бодлого гэхээсээ богино хугацааны үзэгдэл болоод байх шиг? 
Түүхий эдийн үнэ өндөр байх үед төсвөө тэлээд, эргээд үнэ унах үед мөнгөгүй болоод зардлаа танахаас өөр аргагүй болчихдог энэ байдал түүхий эдийн экспортод суурилсан орнуудад түгээмэл тохиолддог зовлон нь үнэн. 
Үүнийг мөчлөг дагасан бодлого гэж нэрлэдэг. Манайд Төсвийн тогтвортой байдлын болон сүүлд батлагдаад байгаа Ирээдүйн баялгийн сангийн хуулиудаар уг нь хэт их үрэлгэн байхыг хязгаарлаж, цаг сайн үед хуримтлал үүсгэж, цаг хүндэрсэн үед нөөцөө ашиглах тухай зохицуулалтууд уг нь байдаг. 
Гэвч зарим талаар төсвийн тэлэлтийг хязгаарлахад эдгээр нь хангалтгүй байгаа нь өмнөх жилүүдийн туршлагаас харагдана. Өөрөөр хэлбэл мөчлөг дагасан бодлоготой эдийн засгийн хувьд бид яриад байгаа баялгийн сандаа хэдий чинээ үнийн өсөлт, эдийн засгийн сэргэлтийн үед хуримтлал үүсгэж чадна гадны жишгээр төдий чинээ эргээд үр өгөөжийг нь хүртэх циклтэй гэсэн үг. Яг өнөөгийн нөхцөл байдлаа, эдийн засгийн энэ хэт савлагаатай уул уурхайн бүтээгдэхүүнд найдсан төсвийн орлогоо зохицуулахдаа уул уурхайн орлогыг тусад нь ялгаж авч үзсэн төсвийн тэнцэл, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах заалтууд оруулж өгвөл илүү дээр байх боломж бий гэж хардаг.
Түүхий эд экспортлогч Өмнөд Америкийн орнуудад иймэрхүү жишээ олон бий. Мөн энд сангуудын хуримтлуулсан нөөцийг зөвхөн шаардлага хангасан үед ашиглах талаар хуулийн хэрэгжилтийг боловсронгуй болгох дээр анхаарах хэрэгтэйг өмнөх жилүүдийн амархан үрчихдэг үйл явдлуудаас харж болно. Илүү сайн хяналт, ашиглалтын зөв, оновчтой хуваарилалт чухал гэсэн үг. Ингэснээр бодлого мөчлөг сөрсөн болж, эдийн засаг түүхий эдийн савлагаанаас бага хамааралтай буюу харьцангуй тогтвортой болох сайн талтай. 
-Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогод хэт найдсан энэ өөдрөг төсөөлөл нь  оны төгсгөлд улсын төсөвт ч хүндрэл үүсэх хэмжээний нөхцөл болдог. Монголбанк тухайлбал улс төрөөс хараат бусаар энэ төсөөллийг илүү бодитойгоор харж, бодлогын шийдвэр гаргаж чадаж байгаа юу?
Төсөвт ашиглагдаж буй төсөөллийг Монголбанк биш Сангийн яам хариуцаж байгаа. Тэгэхээр шууд Монголбанкны өөдрөг төсөөлөл нь төсөвт нөлөөлж байгаа гэж үзэхэд өрөөсгөл.
Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Азийн хөгжлийн банк зэрэг Монголын улс төрөөс хараат бус эдийн засгийн таамаглал гаргадаг байгууллагуудтай Монголбанкны таамаг ерөнхийдөө ойролцоо явсаар ирсэн.
Олон улсын сайн туршлагаар харвал Монголбанкны үйл ажиллагааг дүгнэхдээ тэдний дунд хугацааны инфляцийн таамаг нь инфляцийн зорилттойгоо нийцэж буй эсэх юм. Жишээлбэл хэрвээ 2 жилийн дараах зорилт нь 6% байхад загвараар тооцсон инфляцийн төсөөлөл 10% гарч байвал Монголбанк бодлогоо чангаруулж загвараас гарах төсөөллийг 6% хүртэл буулгах ёстой. Бодлогоо тэгж тохируулж чадаж байвал Монголбанк хараат бус байж гэж дүгнэх үндэслэлтэй гэсэн үг. Миний ажигласнаар Монголбанкны дунд хугацааны төсөөллүүд ерөнхийдөө зорилт дээрээ байгаа гэж хардаг. 
Монголбанк инфляцийн зорилтыг өндөр тавих нь богино хугацаанд улс төрчдийн үгээр байх, харин дунд хугацаандаа тэднийг зорилтоо биелүүлэхэд нь боломж олгож байна
-Энэ онд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болголоо. Улс төрийн гэнэтийн шийдвэртэй уялдуулж гаргасан шийдвэр мэт харагдчих шиг болсон?
11 сард цахилгааны төлбөр нэмэгдсэн. Ус болон дулааны үнэ нэмэхийг хойшлуулсан. Цахилгааны төлбөрийн нөлөөнөөс гадна 2025 онд төсвийн тэлэлттэй холбоотойгоор эрэлт нэмэгдэх, экспортын уналттай холбоотой валютын ханш суларсан тул инфляцийг өдөөх шалтгаанууд олон байгааг харгалзан Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн талаар Мөнгөний бодлогын мэдэгдэлдээ дурдсан байна лээ.
Миний хийж буй тооцоо болон зарим судлаачдын үзэж буйгаар 12% хангалттай өндөр биш байгаа. Энэ онд инфляци 9-10% байна гэсэн хүлээлттэй байгаа нь бодит хүү 2-3% (12%-9%) байхыг илтгэж байна. Энэхүү бодит хүү түүхэндээ 5% орчимд байвал манайд үнэ, ханш тогтвортой байхаар харагддаг. Тэгэхээр хэрвээ Монголбанк 2025 ондоо багтааж инфляцийг зорилтот 6%-д хүргэе гэвэл дахиад 1-2% нэмэх шаардлагатай. Мэдээж инфляцийн нэлээдгүй хэсэг нь эрчим хүчний буюу нийлүүлэлтийн гаралтай тул Монголбанк яарах хэрэггүй гэж үзэн 12% дээр ажиглаж байгаа болов уу. 
Нэгэнт Монголбанкны бодлого зөв эсэхийг эсэх асуудлыг та хөндсөн болохоор би энд зарим хувийн бодлоо хуваалцъя л даа. Тухайлбал, Монголбанк төсвийн шинжтэй санхүүжилт олгох явдал байсаар байгаа. 2024 оны эцэст гэхэд л орон сууцны үнэ тогтворжуулах, шатахууны нөөц нэмэгдүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, банкуудад олгох зээл гэх мэт маш олон хөтөлбөрөөр дамжуулан эдийн засаг руу оруулсан мөнгө 1.4 их наяд төгрөг байна. Олон улсын жишгээр байж болохгүй, хориотой зүйлсийг ингээд хийгээд байдаг нь яваандаа инфляци, валютын ханшинд сөрөг нөлөөтэй гэсэн үг. Сангийн яамны агентлаг шиг байна гэсэн шүүмж яваад байдаг үүнтэй холбоотой. Үүний цаана Монголбанкны хараат бус байдал ч мөн хөндөгдөнө. 
Олон улсын сайн жишгээр бол улс төрчид төв банкинд нөлөөлөхийг хориглож, төв банкны ерөнхийлөгчийг ажлаас халах бараг боломжгүй шахуу болгож өгдөг. Манайд тийм биш гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчдийн сэлгээ, Монголбанкны явуулж буй төсвийн шинжтэй үйл ажиллагаа зэргээс тодорхой харагддаг. Мөн жил бүр төрөөс Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулдаг. Ингэж жил болгон УИХ-аас зөвшөөрөл авч батлуулдаг байвал улс төрчдийн нөлөө ороход амархан болчихно. Монголбанк УИХ-аас зөвшөөрөл авах биш зөвхөн тайлагнаад л явах ёстой. Харин баримтлах бодлого нь дунд хугацааны тогтвортой, жил бүр хөдлөөд байхааргүй байвал оновчтой.
-Дээрх шийдвэрийн үр нөлөө нь иргэдийн зээл авах босгод тухайлбал шууд нөлөөллөө?
Мэдээж сөрөг нөлөөлнө. Төсөв тэлж байгаа нь эдийн засаг дахь өрхийн болон бизнесийн хэрэглээний орон зайг хумиж байгаа. Үүний хариу үйлдэл болгож Монголбанк эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг бодлого явуулж байгаа харагддаг. Хэрэв Монголбанк инфляцийг үл тоовол иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж зээл авч чадахгүйгээс хүнд нөхцөл байдалд орно. 
Монголбанкны бодлогын тухайд гэвэл өөрсдийг нь шүүмжлэх шалтгаан болдог валютын сул ханш, зээлийн өндөр хүү зэрэг үзүүлэлтүүдийн гол суурь нь манай төсвийн хэт үрэлгэн бодлогоос шууд хамааралтай гэхэд болно. Монголбанк ихэвчлэн хариу үйлдэл үзүүлэх маягаар ажиллаж, нөхцөл байдлыг хэт муутгачихгүйгээр зорилтдоо хүрэхээр ажиллаж байгаа харагддаг. 
Төсөв их тэлснээр эдийн засгийг халааж, инфляцийг өдөөн, валют гадагш урсгах нөхцөл үүсгэдэг шүү дээ. Тэгэхээр яг байгаа нөхцөлдөө нийцүүлсэн, байж болох бодлогын хувилбарыг л төв банк сонгож байна. Магадгүй төсвийн хэт үрэлгэн байдлыг Сангийн яамнаас тухайлбал оновчтой шийдвэрлэж чадвал Монголбанк илүү бодлогын түвшинд ажиллах боломж нь нээгдэнэ. 
-Дотоодын эдийн засагт нөлөөлөхүйц бодлогын шийдвэрүүд хэр учир дутагдалтай эсвэл бодитой үр дүнтэй байна гэж харж байгаа вэ?
Төсвийн байдлыг ажиглахад дээр дурдсан богино хугацааны бодлого явуулж буй нь асуудалтай. Богино хугацааны бодлого гэдэг нэг ёсондооо улс төрийн, богино настай Засгийн газрын хэмжээнд ч юм уу. Тэгэхээр урт хугацааны тогтвортой бодлого гэдэг ойлголтыг олон улсад гол чиг баримжаагаа болгодог. 
Төсөв томрохын хэрээр дээр дурдсан инфляци, валютын ханшийн асуудлууд гарч ирэхээс гадна түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр хэрэгтэй болно. Мэдээж санхүүжилт нэг бол татвар эсвэл өр гэдэг хоёрхон зүйл дээр голчлоод байна шүү дээ. Ийнхүү инфляци, валютын ханшаас иргэд, ААН хохирохоос гадна нэмээд татварын дарамтанд орох болдог. Өөрөөр хэлбэл төрийн богино хугацааны бодлого шийдвэр, үүнийг дагасан эдийн засагт үзүүлэх нөлөөллүүдийн сөрөг үр дүн нь татвар төлөгчид дээр буучихаж байгаа хэрэг. Үүнийг өөрчлөх шаардлага бий юу бий. 
-Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын валютийн нөөц 5 тэрбум давсан гэж Сангийн сайд хэлсэн. Төв банк тогтмол интервенц хийсээр байгаа ч төгрөгийн ханш суларсаар байна. Үүний гол нөлөөллийг нь тайлбарлавал?
Монголбанк ханшийг 3400 орчимд  сүүлийн хоёр жил хөдөлгөөнгүй шахуу барьсан. Инфляци өндөр орчинд ханш ийм тогтвортой байх боломжгүй. Монголбанк зөвхөн өнөөдөр ханш барих биш цаашдын төлвийг харж, инфляцийн зорилтдоо хүрэх, ханшийн гэнэтийн савлагаа үүсэхээс урьдчилан сэргийлж ханшаа аажмаар суллаж өгч байгаа болов уу.
Өмнө нь дурдсан төсвийн тэлэлт, экспортын уналт зэрэг асуудлууд байгаа шүү дээ. Хэрэв Монголбанк хүчээр бариад байвал валютын нөөц илүү хурдтай буурах хандлага руу орно. Тэгвэл валютын ханш нэг өдөр хүчтэй тэсрэх аюултай. Тиймэрхүү гэнэтийн шок иргэн, ААН-үүдэд илүү хүнд тусдаг тул Монголбанк зөөлөн газардуулах арга хэмжээ авч байна гэсэн үг. 
5 тэрбум ам.доллар бол ердөө 5 сарын импортыг хангах түвшин юм. Энэ нь хэдий боломжийн түвшин боловч санаа амар байх хэмжээнд гэсэн үг биш. Дээр би бодлогын хүү 12%-иас өндөр байх хэрэгтэй гэдгийг дурдсан. Мөн валютын нөөц 5 тэрбум ам.доллар гэдэг яг үнэндээ тийм ч их мөнгө биш юм. Эндээс харвал Монголбанкны хувьд боломжоороо хамгийн сул бодлогоо явуулж байх талтай гэж харж болно. Хэрэв бодлогын хүүг 12%-иас сул байлгах, валютын ханшийг барих нэрээр валютын нөөцийг зарж эхэлбэл инфляци, ханш тун удалгүй бүр дордоно. Тэгэхээр ерөнхийд нь харвал төв банкны зүгээс байж болох боломжит хувилбараа хэрэглэж байна гэж харагдсан. 
-Эдийн засгийн онолын үүднээс харвал манай улсын төв банкны бодлого шийдвэрүүд хэр оновчтой байна?
Монголбанкны төсвийн шинжтэй санхүүжилтүүдийг эс тооцвол бодлого, шийдвэрүүд нь олон улсын жишгээр байгаа гэж хардаг. Гэхдээ Монголбанк улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулахгүй л юм бол хичнээн сайн байгаад эцсийн үр дүн учир дутагдалтай. 
Монголбанк 2010 оноос хойш инфляцийн зорилтоо 8% болон 6%, 2027 оноос 5% болгож байна. Энэ нь олон улсын жишгээр харьцангуй өндөр юм. Манайтай ижил орнууд 2-4% байх нь элбэг байдаг. Гэтэл манайд төв банк өөрөө инфляцийн зорилтоо өндөр байлгаад байгаа нь дээр дурдсан төсвийн шинжтэй санхүүжилтүүдийг хийх орон зайг олгоод байна. Түүнчлэн төсвийн тэлэлтийг ч тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа нь эндээс харагдана.
Би өмнөх хариултдаа Монголбанкны судалгаа шинжилгээ бодитой, хараат бус гэж хариулсан мөртлөө төсвийн шинжтэй үйл ажиллагаа нь улс төрөөс хараат байна гэж зөрчилтэй хариулт өгсөн мэт уншигчид гайхаж магадгүй. Инфляцийн зорилт өндөр байх нь богино хугацаанд улс төрчдийн үгээр байх, харин дунд хугацаандаа тэднийг зорилтоо биелүүлэхэд нь боломж олгож байх талтай гэдгийг хэлэхийг хүссэн юм. Мөн инфляцийн зорилтыг нэг жил биш 2-3 жилийн дунд хугацаанд ярьдаг нь тиймэрхүү улс төрийн нөлөөллийг шингээх орон зай үүсгэж байгаа нь илт. 
Нийлүүлэлтийн хязгаарлалт болон манайх савлагаатай эдийн засагтай тул инфляцийн зорилт өндөр байх хэрэгтэй гэх мэт тайлбарыг зарим нь ярьдаг. Тэдгээр нь түр зуурын л асуудлууд шүү дээ. Инфляцийн зорилт гэдэг бол ойрын 2-3 жилийн дундаж инфляци. Тэгэхээр жил бүр 8% инфляцитай байя гэдэг бол асар өртөг өндөртэй сонголт юм. Шаардлагатай бол ганц нэг шоктой онцгой жилүүдэд инфляци өндөр байхыг ойлгоод, харин жирийн үед 2-4% орчимд байлгах нь зүйтэй. 2000-2010 оны ихэнх баримт бичгүүдэд инфляцийг 5%-д байлгахаар зорьж байсан юм билээ. Бага инфляцийн зорилт нь манайд шинэ зүйл биш. 
Монголбанкыг шүүмжлэлд оруулдаг валютын ханш, инфляци, зээлийн хүү зэрэг асуудлуудын суурь шалтгаан нь хамгийн гол нь төсөв боловч инфляцийн зорилт мөн чухал нөлөөтэй. Инфляцийн зорилтоо багасгах болон төсвийн тэлэлтийг хязгаарлах ажлуудыг зэрэг хийх хэрэгтэй.
Татварын зарцуулалтын үр ашиг нүдэнд харагдахуйц байвал иргэд татвар төлөхөд дургүйцдэггүй
-Манай улсын ойрын хоёр жил доторх макро эдийн засгийг төсөөлбөл?
Ирэх жилүүдэд эдийн засагт онц гойд зүйлгүй 5-6%-ийн тогтвортой өсөлт үзүүлж, инфляци аажмаар буурч 6-7% болно хэмээн төсөөлөл гаргагч дотоод, гадаадын байгууллагууд үзэж байна. 
2026 онд дуусах Хятадын Ардын Банктай хийсэн своп хэлцлийн төлбөрийг эс тооцвол 2027 он хүртэл гадаад валютын их хэмжээний төлбөр байхгүй байсан. Нүүрсний үнэ цаашаа буурахгүй, нүүрсний экспортын хэмжээ өмнөх жилээс буурахгүй гэж үзвэл цаашдаа валютын ханш нэг хэсэгтээ тогтвортой байх болов уу гэж харж байна. Мөн инфляци буурахтай уялдаад Монголбанк бодлогын хүүгээ бууруулах байх. 
Гэхдээ мега төслүүд хэрэгжүүлээд явбал нөхцөл байдал олон талаар өөр болж, муудах эрсдэл нэмэгдэнэ. 
-Эдийн засгийн хэтийн төлөвт эерэг үр дүн үзүүлнэ хэмээн Засгийн газраас мега төслүүд эхлүүлсэн. Нэг талаараа ирээдүйд ирэх өгөөж гэж тайлбарлах ч нөгөө талд энэ нь урт хугацааны үйлдвэрлэлийн бодлого биш гэдэг шүүмжлэл дагуулдаг?
Энэ том төслүүдийг хийж бүтээхэд зардал их орно, эдийн засгийн нөөцийг шавхах эрсдэлтэй том дүнгүүд яригдаж байгаа юм билээ. Мега төслүүд сонсоход гоё. Дээр үед Сайншандын аж үйлдвэрийн парк гэж их ярьдаг байж билээ, тэрнээс одоо юу байгаа вэ. Түүх сөхвөл 2019 онд Улаанбаатарын цэвэрлэх байгууламж, Дарханы зам, Нефть боловсруулах үйлдвэрүүдийг эхлүүлж байсан юм билээ. Анхандаа бол ойрын 2-3 жилдээ дуусна гэж байсан. Гэвч Дарханы зам яаж ашиглалтанд орсон билээ, нөгөө хоёр нь одоо ч үргэлжилсээр. Мөн бэлэн шахуу болчихсон байсан шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтанд оруулах гэж хэдэн жил хүлээсэн билээ?
Том төсөл хэрэгжүүлэх нь маш цогц үйл явдал тул болгоомжтой байх хэрэгтэй болов уу. Том мега төслүүд хэрэгжүүлээд бүтэлгүйтсэн Африк болон Өмнөд Америкийн жишээ олон байдаг. Төслийн хэрэгжилтийн явцад ялзралын асуудлууд, үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар болоод худалдан авах зах зээлийн асуудлууд үүсэх нь элбэг юм билээ. Мөн дотоодын эдийн засгийг өндөр инфляци, өндөр хүү зэрэг асуудлууд үүсгэн туйлдуулах аюултай. Хэрэв бүтэлгүйтвэл хэдэн арван жилээр яригдах өрийн хямрал дагуулах эрсдэлтэй. Манайх шиг туршлага багатай, хяналт султай оронд нэг дор олон том төсөл хөдлөх нь сайн зүйл болно гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа. 
-Яг одоогийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал дундаж давхаргыг тэлж, дэмжиж чадах уу?
Маш чухал зүйл асуулаа. Манай гол тулгуур салбар болох уул уурхайн салбарт нийт ажиллагсдын 6% нь ажилладаг ч нийт эдийн засгийн бараг 30%-ийг бүтээдэг. Тэгэхээр маш бага хувь эзэлдэг атлаа эдийн засгийн маш өндөр хувийг бүтээдэг байгаа биз.
Төр дахин хуваарилалт хийхгүй бол энэ салбарын бус иргэд уул уурхайн үр ашгийг нь хүртэх боломж бараг л байхгүй. Төр цуглуулсан татвараа ашиглан бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжтэй орон сууц болон төрийн бусад үйлчилгээгээр иргэдээ хангаж, баялгийн өгөөжийг тэгш хүртэх боломжийг бүрдүүлдэх тал дээрээ бодлогын түвшинд илүү нягт ажиллахаас өөр арга байхгүй. Энэ нь төрийн үүрэг. 
Манайд гэтэл бизнес эхлүүлэхэд хүнд, төр нь өөрөө бизнес хийдэг, инфляци, хүү өндөр зэрэг дундаж давхаргынхан дээш хөгжихөд чөдөр тушаа болсоор байна. Товчхондоо, төсвийг жижиг байлгавал зөв буюу төрийн хүнд суртал багасч, инфляци, хүү буурч дундаж давхаргын амьжиргаанд нэмэр болно гэсэн дүгнэлт гаргаж болно. Төр хэрвээ дундаж давхаргыг тэлэх бодлого явуулъя гэвэл суурь эдийн засгийн бодлогоо шийдвэрүүдтэйгээ уяж өгөх ёстой. Өөрсдөө тэр тогтолцоог нь бүрдүүлж өгөх ёстой байж булаагаад, хаагаад байж болохгүй. 
-Дотоодын томоохон компаниуд чөлөөт зах зээлийн зарчмаараа хөгжиж чадаж байна гэж та хардаг уу? 
Яг бодит байдлаа харвал манайд төр, бизнес хоёр хэт ойр байдаг нь зарим талаар чөлөөт зах зээлийн ажиллах боломжийг үгүй хийж байна.
Дэлхийн банкны “Ease of doing business index” гэж үзүүлэлтээр манайх дэлхийд дунд хавьд явдаг. Тухайлбал сүүлийн жилүүдэд байр ухарсаар байгаа нь шинээр бизнес нээх болон бизнес эрхлэхэд саад бэрхшээл ихтэй байгааг л харуулж байна. 
Асуултын эхэнд дурдсанчлан төр, бизнес хоёр хэтэрхий ойр байгаа нь, бие биедээ нөлөөлөл үүсгэж, яг чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа гэхэд хэцүү болчихож байгаа юм. Тиймээс аль болох огтлолцохгүй байх нь бизнес өөрийн чөлөөт зах зээлийн зарчмаараа хөгжих боломж бүрдэнэ л гэсэн үг шүү дээ.
-Монгол Улсын төсвийн орлогод гол жин дарж байгаа нь татварын орлого. Тодорхой шатлалаар татварыг нэмэгдүүлж, улмаар бусад төрлийн орлогын эрсдлийг татвараар нөхнө гэдэг шийдэл дээр голчилж байх шиг анзаарагдах болов?
Боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэр, гудамж талбай зэрэг татварын зарцуулалтын үр ашиг сайн, нүдэнд харагдахуйц байвал иргэд татвар төлөхөд дургүйцдэггүй. Уг нь манайх татвар, шимтгэлээрээ дэлхийн бусад орнуудаас багадаа орохуйц байдаг. 
Орлогын хэмжээтэй уялдан өсөн нэмэгдэх шаталсан татварын тогтолцоог орлогын тэгш байдлыг хадгалах үүднээс хийдэг зарчимтай. Манайд хуулиар 120 сая төгрөгөөс дээш орлогод ногдох татварын хувь нь 10%-иас цааш нэмэгдээд явдаг. Манай ерөнхий орлогын түвшин дор байгаагаас гадна төсвийн үр ашиг нүдэнд харагдахуйц байж чадахгүй байгаа учир хэн ч татвар илүү төлөхийг хүсэхгүй байна. 
Тэгэхээр асуудлын суурийг харвал татвараар орлого бүрдүүлж л байгаа бол тэр орлого эргээд татвар төлсөн иргэнд шууд мэдрэгддэг л байх ёстой. Маш олон салбарт энэ нь илэрч, хүртээмжтэйгээр мэдрэгдэж байж эргээд олон нийт ч гэсэн татварын бодит үр дүнгээс хамаарч нэмэгдсэн ч төлөхөөс цааргалахгүй шүү дээ. 
-Улсын төсвийн зарлагаас гадна төсвөөс гадуурх хяналтгүй зардал маш их хэмжээг эзэлж байна. Гэтэл үр дүн нь эргээд төсөв болон эдийн засагт сөргөөр ирдэг?
Төсөв тэлэх нь инфляци, хүү, ханш гээд маш олон асуудлын үндсэн шалтгаан болохыг дээр дурдсан. Төсвөөс гадуур нэмж төсвөөс гадуурх зардал гаргах нь Төсвийн тогтвортой байдлын зарчмыг зөрчиж байгаа нэг хэлбэр юм. Төсөв тэлсэнтэй ижил сөрөг үр дагаварт хүргэнэ. 
Төр, төрийн өмчийн байгууллагууд, хөгжлийн банк болон төртэй холбоотой аливаа байгууллагуудын зардлыг нэгдсэн дансаар хянах, ил тод нээлттэй байдлыг хангах нь нэг шийдэл байж болно. Төсвийн шинжтэй зардлуудыг дүр эсгэн төсвийн бус харагдуулах явдлыг хязгаарлах. 
Дээр дурдсанаар Монголбанкны зүгээс төсвийн шинжтэй санхүүжилтүүд олгож байгааг Сангийн яам хариуцаж, төсөвт тусгаж явах нь зүйтэй юм. Асуудал үүсээд зээлдэгч төлбөрөө хийж чадахаа больвол төрөөс л төлнө шүү дээ. Тэгэхээр том зургаар нь харвал төвбанк улсын төсвийн шинжтэй санхүүжилт олгож, бодлого гаргагчдад боломж үүсгэдэггүй байх. Сангийн яам өөрийн чиг үүргээрээ илүү сайн тогтолцоогоор ажиллах ёстой л гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа
Ц.ТАМИР



Нийтэлсэн огноо2025-05-30