“Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг ₮300 саяар торгож, ₮2.2 тэрбумыг БНХАУ-ын талаас гаргуулахаар болов www.eguur.mn
Дорнод аймаг дахь Сум дундын шүүх зургаадугаар сарын 10-нд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Хуо Ханфэнгэд холбогдох хэргийг шийдвэрлэсэн байна.
“Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг 2024 оны зун нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлж, урьдчилсан хэлэлцүүлгийг мөн оны аравдугаар сарын 16-нд явуулаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байдаг. Үүнийг нь НПГ-ын хяналтын прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болсон.
“Петрочайна дачин Тамсаг” ХХК ямар хэрэгт холбогдсон бэ?
Монгол Улсын Засгийн газартай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхны байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж ашиглалтад оруулна” хэмээн тусгасан байдаг. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хүнд даацын автомашинууд нь олон салаа зам гарган байгаль орчинд хохирол учруулсан, XIX талбайн 2016-2020 онд газрын тосоор бохирдсон хэсгийн цэвэрлэхдээ шороон замаар тээвэрлэснээс болж Халхгол сумын нутагт 80 гаруй метр өргөн, 58.5 км урт 8-20 салаа зам бий болж, хөрсний доройтол, тоосжилт үүсгэсэн. Улмаар орчны бохирдол ихсэж, экологийн тогтолцоог алдагдуулан 443.4 га талбайд хохирол учруулсныг шинжилгээний байгууллагаас тогтоон байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.
Мөн Аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хөрсөнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм.
Тиймээс НПГ-аас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.11-3 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн”, 24.9-2-т заасан байгалийн тэнцэл алдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Улмаар шүүх байгууллагаас тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасаж, 300 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм. Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол 2.2 тэрбум төгрөгийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс гаргуулах шийдвэрийг гаргасан байнаа.
Г.МИШЭЭЛ
Нийтэлсэн огноо2025-06-12