Өмнөд Солонгосын тусгай прокурорууд Улаанбаатарт хийгдсэн нууц ажиллагааг мөрдөн шалгаж эхэлжээ www.itoim.mn
Өмнөд Солонгосын Тусгай прокурорууд 2024 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч асан Юн Сук Ёл цэргийн онц байдал зарлахаас өмнө Монгол Улсад хийгдсэн нууц ажиллагааны талаар мөрдөн шалгаж байна. Энэхүү ажиллагаанд хоёр тагнуулч Хойд Солонгосын албан тушаалтнуудтай холбоо тогтоохыг оролдсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Шалгалт явуулж буй багийн таамгаар уг ажиллагаа нь Хойд Солонгосыг өдөөн хатгах эсвэл тэдэнтэй харилцаа тогтоох оролдлого байсан бөгөөд цаашлаад Юн Сук Ёлд онц байдал зарлах шалтаг, үндэслэл бүрдүүлэх зорилготой байсан байж болзошгүй аж.
Өмнөд Солонгосын өдөр тутмын “Хангёрэ” сонинд мэдээлснээр, 2024 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн тагнуулын командлалын хоёр офицер Улаанбаатар явж, Монголын албан тушаалтнуудаар дамжуулан Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбогдохыг оролдсон байна. Тэдний даалгавар Хойд Солонгосын талаарх тагнуулын мэдээлэл цуглуулах байсан бөгөөд тайландаа тус Элчин сайдын яамыг зорилтот объект болгон дурдсан гэж мэдээлжээ.
Гэвч ажиллагааны үеэр тэднийг Монголын тагнуулын байгууллага саатуулсан бөгөөд дараа нь тухайн үеийн Цэргийн тагнуулын командлагч генерал Мүн Сан Ху Улаанбаатарт ирж суллуулах хүсэлт тавьсны дагуу сулласан юм. Генерал Мүн Сан Ху-г цэргийн онц байдал зарлах төлөвлөгөөнд холбоотой гэх үндэслэлээр 2024 оны арванхоёрдугаар сард албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.
Цэргийн тагнуулын командлал нь онц байдлын өргөн хүрээтэй төлөвлөгөөнд удаа дараа нэр холбогдож байсан ч одоогоор шууд оролцоо байсныг нотлох баримт илрээгүй байна. Харин тус байгууллагын төлөвлөгөөг зохиосон хэмээн сэжиглэж буй Ну Сан Вонтой холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байна. Ну Сан Воныг 2024 оны арванхоёрдугаар сард мөн баривчилсан.
Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсоноор генерал Мүн 2024 оны аравдугаар сард Ну Сан Вонд 46 тагнуулын ажилтны жагсаалтыг өгсөн байжээ. Түүнээс хураан авсан дэвтэрт “Хойд Солонгосыг NLL дээр өдөөн хатгах” гэх мэт үгс бичигдсэн байсан нь зохиомол аюул үүсгэх оролдлого байж болзошгүйг илтгэж байна.
Хэрвээ Цэргийн тагнуулын командлалын зүгээс ийм үйл ажиллагаа явуулсан нь тусгай прокурорын шалгалтаар тогтоогдвол, оролцсон этгээдүүдийг эх орноосоо урвасан гэх эрүүгийн хариуцлагад татах үндэслэл болох юм. Өмнөд Солонгосын Эрүүгийн хуулийн 93-р зүйлд зааснаар “гадны хүчинтэй хуйвалдан эх орныхоо эсрэг дайн өдөөн эхлүүлэх, бослого дэгдээх” нь эх орноосоо урвах гэмт хэрэгт хамаардаг.
Одоогийн байдлаар БНСУ-ын Батлан хамгаалах яам энэхүү шалгалтын талаар тайлбар хийгээгүй байна. Монгол дахь ажиллагааны талаарх мэдээлэл анх 2024 оны сүүлээр ил болж эхэлсэн бөгөөд тухайн үед яам уг ажиллагааг онц байдал зарлахтай холбоогүй гэж мэдэгдсэн юм.
Мөн Монгол дахь тагнуулын ажиллагаатай зэрэгцэн, Хойд Солонгосыг өдөөн хатгах зорилготой байж болзошгүй өөр нэг ажиллагаа болох 2024 оны аравдугаар сард явагдсан нисгэгчгүй онгоцны (дроны) ажиллагааны талаар ч Тусгай прокурор шалгалт явуулж байгаа юм байна.
Тусгай прокуророос олж авсан мэдүүлэгт дурдсанаар, Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён 2024 оны аравдугаар сард дроны командлалд Хойд Солонгосын чиглэлд нисгэгчгүй онгоц нисгэх үүрэг өгсөн байна. Хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг, Хамтарсан штабын ажиллагааны газрын дарга дэслэгч генерал И Сын О уг ажиллагааг сайд Ким өөрийн биеэр чиглүүлж, Нампогийн орчим болон Зүүн тэнгисийн NLL хойд хэсэг рүү дронуудыг чиглүүлсэн гэж мэдүүлжээ.
Цэргийн албан хаагчдын хэлснээр дронууд аравдугаар сарын 3, 9, 10-нд нислэг үйлдсэн бөгөөд аравдугаар сарын 11-нд Хойд Солонгосын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Өмнөд Солонгосын дронууд Пёньян дээгүүр нисэж, эсрэг дэглэмийн суртал ухуулгын хуудас цацсан гэж мэдээлжээ.
Үүний дараа Тусгай прокурорын баг дроны ажиллагааны командлагч асан Ким Ён Дэгийн баривчлах хүсэлтийг гаргасан. Түүнийг энэхүү нууц ажиллагааг нуун дарагдуулахын тулд цэргийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.
Гэвч шүүх энэ хүсэлтийг 2025 оны долдугаар сарын 21-нд хангалттай үндэслэлгүй гэж үзэн няцаасан бөгөөд мөрдөн шалгах баг одоогоор уг шийдвэрийг судалж, хүсэлтийг дахин гаргах эсэхээ хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж: https://www.koreaherald.com/article/10538131
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-07-24