ОХУ бензиний экспортод хоёр сарын хугацаатай хориг тавина www.itoim.mn
ОХУ шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулахын тулд бензиний экспортод хоёр сарын турш хязгаарлалт тавихаар төлөвлөж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Одоогоор бензиний экспортод тавьсан хязгаарлалт нь зуучлагчдын маш бага хэсэгт л үйлчилж байгаа бөгөөд томоохон газрын тосны компаниуд гадаадад түлшээ худалдах зөвшөөрөлтэй байгаа. Харин шинэчлэгдсэн хоригоор илүү өргөтгөн хязгаарлах төлөвтэй байна.
“Хоригтой холбоотой бүхий л асуудал шийдэгдсэн бөгөөд найм, есдүгээр сард хэрэгжинэ” гэж нэгэн эх сурвалж ярьжээ. Харин өөр нэг эх сурвалж хоригийг албан ёсоор долоодугаар сарын 28-аас хэрэгжинэ гэж мэдээлжээ.
Энэ удаагийн төлөвлөж буй хориг нь ОХУ-ын тэргүүлдэг Евразийн эдийн засгийн холбооны (Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Орос) орнууд руу нийлүүлж буй түлшинд хамаарахгүй аж. Түүнчлэн, Оростой түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын гэрээ байгуулсан Монгол зэрэг улсууд ч хоригийн гадна үлдэнэ гэдгийг эх сурвалжууд онцолжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Орос улс дотоодын түлшний хомсдол, үнийн өсөлтийг зохицуулахын тулд бензиний түр хугацааны экспортын хоригийг хэд хэдэн удаа хэрэгжүүлсэн. Шадар сайд Александр Новак энэ сарын эхээр Засгийн газар түлшний зах зээлийг нарийвчлан судалж байгаа бөгөөд нэмэлт арга хэмжээ шаардлагатай эсэхийг тогтоохоор ажиллаж буйг мэдэгдэж байв.
Санкт-Петербургийн түүхий эдийн бирж дээр бензиний бөөний үнэ өнгөрсөн долоо хоногийн эхнээс хойш тасралтгүй өсч байгаа бөгөөд өргөн хэрэглэгддэг АИ 95 төрлийн бензиний үнэ түүхэн дээд хэмжээ буюу тонн тутамд 76,293 рубль (ойролцоогоор 962.69 ам.доллар) хүрээд байна.
Орос улс жилд 40 сая тонноос дээш хэмжээний бензин үйлдвэрлэдэг. 2025 оны эхний таван сард Оросын бензиний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 25 хувиар өсч, 2.51 сая тоннд хүрсэн байна.
BY Хүрэлбаатар БЯМБАЖАРГАЛ
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-07-28