Дүүжин замын тээвэр төсөлд 2 тэрбумаар зөвлөх үйлчилгээ авна www.news.mn
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилготой “Дүүжин замын тээвэр” төслийн хүрээнд барилга угсралтын ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахаар 2 тэрбум 80 сая төгрөгийн тендер зарлажээ. Энэ бол гүйцэтгэлийн ажил биш, харин зураг төслийн хэрэгжилт, техник, технологийн зөвлөмж, барилгын стандарт хангасан эсэхэд хяналт тавих үйлчилгээний зардал юм.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/769 дүгээр захирамжаар эрх шилжиж ирсэн “Яармаг Арцат–Өнөр хороолол” чиглэлийн дүүжин замын барилга угсралтын ажил нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын НХААГ/20250103693 дугаартай тендерээр хэрэгжиж байгаа бөгөөд зөвлөх үйлчилгээний тендерт өчигдрийн /2025.09.10/ байдлаар “Максимал” ХХК болон Моннис Группын охин компани болох “Майнс Ап” ХХК оролцож, үнийн санал ирүүлжээ.
Дүүжин замын төслийн хүрээнд Яармаг орчмоос Сонгинохайрхан дүүргийн Өнөр хороолол чиглэлд нийт дөрвөн километр гаруй урттай, хоёр зогсоолтой, ерөнхийдөө 98 кабин бүхий тээврийн шугам байгуулагдаж, нэг кабин нь 10 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөсөн.
Төслийн эхний шугамын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 33 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол хоёр дахь чиглэл нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжлэхээр зураглагдаж байна. Замын хурд 21 км/цаг байх бөгөөд нийтдээ цагт 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ. Мөн аялах хугацаа дунджаар 11 минут байх бол тулгуур баганын өндөр 6.45-аас 42 метрийн хооронд хэлбэлзэх юм.
Нийтэлсэн огноо2025-09-11