Шэнь Миньжуань: БНХАУ Монгол Улсыг ШХАБ-ын гэр бүлд нэгдэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг урьсан www.itoim.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саяхан БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулсан ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцсон. Тус уулзалтуудаас гарсан үр дүнгийн талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань мэдээлэл хийлээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шэнь Миньжуань: ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар найман чухал үр дүнд хүрсэн. Тодруулбал:
Нэгдүгээрт, ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг баталж, гишүүн орнууд “ШХАБ-ын үзэл санаа”-г тодорхой дагаж мөрдөх, харилцан ашигтай хамтын ажиллагаа, харилцан үр дүнд хүрэх зарчмыг тууштай баримталж, олон туйлт дэлхийд илүү их хувь нэмрээ оруулахаар тодорхойлсон.
Хоёрдугаарт, дэлхийн II дайны ялалт болон НҮБ-ын байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан хамтарсан мэдэгдэл гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд дэлхийн II дайны түүхийн зөв үзэл баримтлалыг тууштай сахиж, НҮБ-д төвтэй олон улсын тогтоолцоог хамгаалахыг уриалсан.
Гуравдугаарт, Дэлхийн худалдааны байгууллагыг төв болгон олон талт худалдааны тогтолцоог дэмжиж буйгаа мэдэгдэл хэлбэрээр илэрхийлнэ. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмын зөрчсөн нэг талын арга хэмжээг халахыг уриалж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамгаалахад зорих юм.
Дөрөвдүгээрт, ШХАБ-ын аюулгүй байдлын заналхийлэл, сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн төв болон түүний дэргэдэх мэдээллийн аюулгүй байдлын төв, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төв, ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх төв гэсэн “аюулгүй байдлын дөрвөн төв”-ийг үүсгэн байгуулахаа зарлалаа.
Тавдугаарт, ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргаж, цаашид ШХАБ-ын орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр шийдвэрлэлээ.
Зургаадугаарт, Хятад-д ШХАБ-ын эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны гурван том платформ болон шинжлэх ухаан, технологийн инновац, дээд боловсрол, мэргэжлийн боловсролын хамтын ажиллагааны төвийг тус тус байгуулахаар шийдвэрлэсэн.
Долоодугаарт, эрчим хүчний тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, технологийн инновацын хамтын ажиллагааны тухай таван тунхаглал гаргана. Мөн одоо идэвхтэй хэрэгжүүлж буй Хятад, ШХАБ-ын орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийн үйл ажиллагааг багтаасан цогц шийдэл болгохоор тогтлоо.
Наймдугаарт, ШХАБ-ын ажиглагч орон болон яриа хэлэлцээний түншүүдийг нэгтгэн “ШХАБ-ын түнш” гэсэн нэгж болгон өөрчилж, Лаос улсыг түншээр хүлээн авч гишүүдийг тоог 27 болголоо.
Хятад улс Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэг алхам урагшлан гэр бүлд нэгдэж, ШХАБ-ын хөгжил болон бүс нутгийн хамтын интеграцид хамтдаа хувь нэмрээ оруулахыг урьсан.
Мөн БНХАУ, Монгол Улсын төрийн тэргүүн нар хоёр жилийн дахин уулзсан. Тус уулзалтаа дараах үр дүнгүүд гарсан. Үүнд:
Төрийн тэргүүн нарын хоёр талын харилцааны хөгжлийг нааштайгаар үнэлж дүгнэн, бүх салбарын хамтын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон чухал дэвшил гарсныг сайшаалаа.
Хоорондын харилцаагаа хөгжүүлэх үндсэн зарчмуудыг дахин нотоллоо. Ши Жиньпин дарга “Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнөөс үл хамааран Хятад улс нь Монгол Улсын итгэж, тулж болох найдвартай түнш хэвээр байх болно” гэдгийг онцолсон. Мөн “Хоёр орны харилцаан дахь улс төрийн суурь зарчмаа няхуур хамгаалах шаардлагатай”-г дурдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-тай өнө мөнхөд сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн гэдгээ дахин баталлаа.
Хоёр улсын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон. Мөн хоёр талын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Түүнчлэн, БНХАУ, Монгол Улс,ОХУ-ын төрийн тэргүүн нарын долоо дахь удаагийн уулзалт гурван жилийн дараа боллоо. Тус уулзалтаар хамтын ажиллагаагаа урагш ахиулах гурван саналыг дэвшүүлсэн. Үүнд:
Нэгт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх,
Хоёрт, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх,
Гуравт, ШХАБ-ын хүрээнд хамтран ажиллах зэрэг багтаж байна.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-09-15