Г.Дамдинням: Шатахууны тасалдал өнөөдрөөс хэвийн болно www.itoim.mn
Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн "орон нутгуудад шатахуун тасарлаа, хомсдолд орлоо” гэх мэдээлэл гарч эхэлсэн. Харин есдүгээр сараас нийслэлийн зарим ШТС АИ-92 бензингүй болж, түгээлт хийхгүй байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд харагдах болоод буй. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуунгүй болсон түгээгүүрийн газруудад хангалт хийхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "ОХУ-аас гол шатахууны импортоо авдаг үйлдвэр засвартай байсан тул сарын хугацаанд шатахууны тал дээр бэрхшээлтэй байлаа. Бид өөр үйлдвэрүүдээс татах, БНХАУ-аас авах гээд олон арга хэмжээ авч ямартай ч тасалдуулахгүйгээр асуудлаа шийдээд авсан. Харин энэ сарын 15-нд үйлдвэрийн засвар нь дууссан тул хоногт нийлүүлэх шатахууны хэмжээ хангалттай хэмжээнд хүрсэн. Манай улсын шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг. Сүүлийн дөрвөн хоног нийлүүлэлт эрс нэмэгдсэн. Амралтын өдрүүдэд шатахууны агуулахууд, гааль, хяналтын байгууллагууд амардаг ч сүүлийн 14 хоног оочир дараалал, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой агуулахуудыг ажиллах чиглэл өгч ажиллуулсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр ихэнх компани инженер техникийн ажилчдыг амраасан байна.
Өнөөдөр шатахуун түгээх станцуудыг захаас нь цэнэглээд явна. Оросын холбооны улсаас боломжоороо ачилтуудыг хийж байна.
Яг одоо Толгойт өртөөнд 65 вагон АИ-92 автобензин бууж байна. Хотод үүссэн дараалал бол цаг зуурын асуудал. Шатахууны тасалдал өнөөдрийн дотор зүгээр болно. Орон нутгийн хангалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Агуулах, савтай л болох хэрэгтэй байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан 3-6 сарын шатахууны нөөцөө хадгалдаг савтай болъё гэдэг зорилгоо биелүүлэх ёстой. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхэд 1,5 тэрбум ам.доллар шаардлагатай. Бид нэг сарын хэрэгцээгээ хангах хэмжээний эх үүсвэрээ хадгалж чаддаг савыг барих хөнгөлөлттэй зээлүүдийг ААН-үүддээ өгч шуурхай бариулахаар зорьж байна. Төсөв шийдэгдвэл 1-1,5 жилийн дотор л барихаар юм байна. Нөгөө талдаа хэрэглээ ч жилдээ 20 хувь өсөөд байдаг” гэлээ.
By
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-10-21