1 MONGOLIA'S TOP COURT BLOCKS BID TO OUST PRIME MINISTER, DEEPENING POLITICAL DEADLOCK WWW.REUTERS.COM PUBLISHED:2025/10/23      2 MONGOLIA’S PM TO STAY IN POWER AFTER COURT RULES DISMISSAL ILLEGAL WWW.INTELLINEWS.COM  PUBLISHED:2025/10/23      3 GOVERNMENT TO PROVIDE CONCESSIONAL LOANS TO SUPPORT FUEL STOCKPILE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      4 ERDENES TAVANTOLGOI EXPORTS 21 MILLION TONS OF COAL IN 10 MONTHS WWW,MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      5 WORLD BANK BACKS MONGOLIA'S POWER GRID UPGRADE WWW.MIRAGENEWS.COM  PUBLISHED:2025/10/22      6 117MLN TREES PLANTED IN MONGOLIA UNDER ‘BILLIONS OF TREES’ CAMPAIGN WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/10/22      7 MONGOLIA'S MEASLES CASES SURPASS 13,000 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/10/22      8 TUGRUG DEPOSITS INCREASE WHILE FOREIGN CURRENCY SAVINGS DECLINE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/22      9 EIGHTH PILLAR OF CABLE CAR SYSTEM INSTALLED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/22      10 ASIAN BATTERY METALS UNLOCKS MONGOLIA’S COPPER-NICKEL POTENTIAL WITH BHP BACKING AND HIGH-GRADE DISCOVERIES WWW.CRUXINVESTOR.COM  PUBLISHED:2025/10/22      МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ШИЙДВЭРЛЭВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     ОХУ-ААС АВАХ ШАТАХУУНЫ ИМПОРТЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     THE DIPLOMAT: УЛС ТӨРИЙН МАРГААН МОНГОЛ УЛСАД ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ ҮҮСГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/23     “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ОНЫ ЭХНИЙ 10 САРД 21 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ШАТАХУУН БОРЛУУЛДАГ 21 ААН-ИЙГ НИЙТ 52.6 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ҮХЦ-ИЙН ХУРАЛДААНЫГ Ц.САНДАГ-ОЧИР НАРЫН ГИШҮҮД ОРХИН ГАРЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭД “НОГООН НУУР 1008 АЙЛ”-ЫН ОРОН СУУЦАНД ОРНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН НАЙМ ДАХЬ ТУЛГУУР БАГАНЫГ СУУРИЛУУЛЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ҮСХ: ҮХРИЙН МАХ, ТӨМСНИЙ ҮНЭ ӨСЧ, ӨНДӨГНИЙ ҮНЭ БУУРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22     ЭХНИЙ 9 САРД 376 УДААГИЙН МАЛ ХУЛГАЙЛАХ ХЭРЭГ БҮРТГЭГДЭЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 19.4 ХУВИАР ӨСЛӨӨ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/22    

The Diplomat: Улс төрийн маргаан Монгол Улсад Үндсэн хуулийн хямрал үүсгэлээ www.itoim.mn

Ази, номхон далайн бүс нутгийн улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүлд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдлын талаар хөндөн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
УИХ-ын дарга огцорч, Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрт хориг тавилаа. Монгол Улсад юу болж байна вэ?
Монгол Улс дахин нэг улс төрийн хямралын үе шатыг туулж байна. Шинээр томилогдоод удаагүй Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар парламентын шийдвэрээр огцорч, Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэвэгийн Амарбаясгалан мөн энэ сарын 17-нд огцорлоо. Энэ өөрчлөлтүүд нь эрх баригч Монгол Ардын Намын дотоод эрх мэдлийн тэмцлийн үр дүн бөгөөд улс орны засаглалд тогтворгүй байдал үүсгээд байгаа юм.
Энэхүү улс төрийн тэмцэл Үндсэн хуулийн хүрээнд ч маргаан дагуулж байна. Аравдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах тогтоолыг Үндсэн хуулийн эсрэг гэж үзэн хориг тавьжээ. Одоо УИХ гурван хоногийн дотор хариу өгөх ёстой.
Аравдугаар сарын 16-ны шөнө парламентын хуралдаан 24 цаг үргэлжилсний дараа нийт 126 гишүүний 71 нь Г.Занданшатарыг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулахыг дэмжсэн. Монгол Улсын 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу парламент энгийн олонхын саналаар Ерөнхий сайдыг огцруулах эрхтэй болсон байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг үйл явцыг шүүмжилж, “санал хураалтын буруу томъёолол ашигласан” гэж мэдэгдсэн. Мөн тэрээр хуралдаанд оролцогчдын тоог 16-ны өдрийн байдлаар тооцсон нь буруу гэж үзэж, санал хураалтаас өмнө оролцогчдыг дахин бүртгэх ёстой байсан гэж маргажээ.
Энэхүү хямралын гол суурь шалтгаан нь МАН-ын дотоод эрх мэдлийн төлөөх тэмцэлд оршиж байна. Өнгөрсөн сард Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар намын даргын төлөө өрсөлдөж, намын доторх фракцуудыг улам хуваасан. Зарим ажиглагч энэ сөргөлдөөнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсноос хойш улам хурцдаж эхэлсэн гэж үзэж байгаа аж.
Нам доторх “нүүрэн дээрээ эв найрамдалтай ч, ардаа өрсөлдөөнтэй” байдал зэрэгцэж байлаа. Хэдэн долоо хоног үргэлжилсэн харилцан буруутгал, дүр бүтээх кампанит ажлын дараа парламент дотроо энэ зөрчлийг шийдэх гэж оролдож, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалаас зэрэг огцруулжээ.
Гэхдээ олон нийтийн хувьд энэ бүх улс төрийн шуугиан нь Ерөнхий сайд болон Засгийн газартаа итгэх итгэлийг бууруулж, авлигын хэргүүд шийдэгдэх найдвар, агаарын бохирдол буурах итгэл, цалингийн өсөлтөд хүлээлт тавьсан ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн явдал боллоо. Үнэндээ хамгийн ноцтой асуудал нь нүүрсний хулгай болон авлигын хэргүүдийн мөрдөн шалгалтаас зайлсхийх гэсэн улс төрийн бүлэглэлүүдийн далд тохиролцоо явагдаж буй явдал юм. Монголчуудын хувьд энэ бүхэн шинэ зүйл биш. Тогтворгүй засгийн газрууд ээлжлэн унаж ирсэн түүх давтагдаж байна.
Төрийн засаглалын түвшинд харвал эрх баригч нам дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас гүйцэтгэх эрх мэдэлд нөлөөлж, улс төрийн хариуцлагын талаар илүү олон асуулт гарч ирж байна. Энэ хямрал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байх үед өрнөсөн юм.
Одоогоор Монгол Улс дахин нэг Засгийн газрын солилтод бэлдэж байна. Үндсэн хуулийн шинжээчид Г.Занданшатарыг огцруулах үйл явц хууль ёсны байсан эсэхийг хэлэлцэж байгаа. Хэрэв Үндсэн хуулийн цэц парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн зөрчилтэй гэж үзвэл “Г.Занданшатар 2.0” хувилбараар өөр сайд нартай шинэ Засгийн газар бүрдэх боломжтой. Харин хуулийн дагуу болсон гэж үзвэл, Г.Занданшатар шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр үлдэх ба өрсөлдөгч Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын суудлыг горилж мэднэ.
Шинэчилсэн парламентын амлалт бүтэлгүйтэв
2025 оны намрын чуулган 126 гишүүнтэй (өмнөхөөс 50-аар илүү) өргөтгөсөн парламентаар бүрэн эхэлж буй анхны чуулган байх ёстой байв. Шинээр сонгогдсон олон намын гишүүд Монголын улс төрийн авлигалд идэгдсэн тогтолцоонд гүнзгий бухимдаж байв. Гэвч аравдугаар сарын 16-нд хуралдаанд хүрэлцэн ирсэн гишүүдийн тоо хүрэлцээгүйгээс Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт хойшилсон.
МАН-ын шинэ гишүүн Ганзоригийн Лувсанжамц бухимдан “Сүүлийн хоёр долоо хоногт гишүүд шийдэл бус шалтаг ярьсаар ирлээ. Олон жил сайд хийсэн хүмүүс үр дүн гаргаагүй байж дахин албан тушаалд үлдэж байгаа нь ичгүүртэй” гэж мэдэгджээ.
Энэ бүхний үндсэн шалтгаан "Авлига"
Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын цаад шалтгаан бол авлига юм.
Занданшатар есдүгээр сарын сүүлээр намын даргын сонгуульд Амарбаясгаланд ялагдсаныхаа дараа Хууль зүйн сайдыг огцруулж, Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбоотой томоохон авлигын хэрэгт оролцсон хэмээн буруутгаж байв. Тэрээр мөн “Эрдэнэт үйлдвэр” болон COVID-19-ийн тусламжийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой авлигын асуудлуудыг илрүүлнэ гэж амлаж байсан билээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад авлигын эсрэг жагсаал, эсэргүүцэл өрнөж, зарим албан тушаалтнууд огцорч, Засгийн газрууд унаж ирсэн. Энэ бүхэн нь урт хугацааны авлига, хууль хяналтын байгууллагын идэвхгүй байдлаас үүдэлтэй.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны энэ оны гуравдугаар сарын тайланд Монгол Улс авлигын эсрэг байгууллагуудыг хангалттай санхүүжүүлээгүй, бие даасан байдлыг хангаагүй гэж шүүмжилсэн. Тус хороо “төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид оролцсон авлигын хэрэг өргөн тархсан” гэж анхааруулжээ.
Мөн “авлигын хэргээр ял шийтгэл хүлээсэн хүмүүсийн талаарх мэдээлэл дутмаг”, “Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд улс төрийн дарамт, хөрөнгө мөнгөний хомсдол нөлөөлж байна” гэж дүгнэсэн.
2024 оны “Bertelsmann Stiftung Transformation Index (BTI)” судалгаагаар Монгол Улс засаглалын индексээр 10 онооноос 5.83 оноо авч, авлигыг засаглалд саад болж буй гол хүчин зүйл хэмээн тодорхойлжээ. Мөн Монгол Улс “Сонгуулийн ардчиллын индекс”-ийн үнэлгээгээр 2023 онд 0.527 оноо авч (2022 онд 0.572 байсан), дэлхийн хэмжээнд 77-оос 81-д орж буурсан байна.
“Transparency International”-ийн 2024 оны “Авлигын ойлголтын индекс”-т Монгол Улс 100-аас 33 оноо авчээ. Энэ нь сүүлийн хэдэн жил өөрчлөгдөөгүй ч 2014–2015 онд Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед 39 байсан онооноос доошилсон үзүүлэлт юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар (2021 оны 1 сараас 2025 оны 6 сар хүртэл) авлигын эсрэг олон хуулийн төслийг хэлэлцэлгүй удаасан бөгөөд Занданшатарын хувьд тухайн үед УИХ-ын дарга байсан юм.
МАН төрийн гурван салаа мөчир болох Ерөнхийлөгч, Засгийн газар, парламентыг гурвууланг нь хянаж байсан ч авлига буураагүй нь улс төрийн хүсэл зориг дутагдаж байгааг илэрхийлж байна гэж шинжээчид үздэг.
Одоогийн улс төрийн хямрал нь гадаадын хөрөнгө оруулагчдад ч түгшүүр үүсгэж байна. Монгол Улс нүүрсний орлого буурч, алт, зэсийн үнэ өсч байгаа энэ үед шинэ уул уурхайн төслүүдийг дэмжих бодлого баримталж байсан бөгөөд уг төсвийг энэ хямралын өмнөхөн УИХ-д өргөн барьсан.
Засаглалд итгэх итгэл нь буурсан ард нийтийн бухимдал нэмэгдэв
Өнгөрсөн жилүүдэд монголчууд янз бүрийн Засгийн газрын үед авлига, шударга бус байдалд дургүйцэн олон удаа жагсаж, тэмцэж ирсэн. Гэвч тэдний дуу хоолойд төрөөс дорвитой хариу өгөлгүй өдийг хүрчээ.
МАН-ын дотоод зөрчил гүнзгийрэх тусам засаглалын үйл ажиллагаа доголдож, ард түмний итгэл улам бүр буурч байна. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжилбэл, олны эсэргүүцэл, жагсаал, хөдөлгөөн улам ширүүсэх эрсдэлтэй.
Авлига нь Монгол Улсын улс төрийн гол “шатахуун” болсон бөгөөд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр улс орны хөгжил урагшлахгүй. Хамгийн гол нь төрд итгэх ард түмний итгэл туйлын доод түвшинд хүрээд байна. Одоогийн нөхцөл байдал “улс төрийн элитүүдийн гаргасан шийдвэрээс ард иргэд ямар ч ашиг хүртдэггүй” гэх нийтлэг ойлголтыг бий болгож байгаа юм.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-23