Рио Тинто групп Оюутолгой ХХК-д авлигын эсрэг шалгалт эхлүүлэв www.news.mn
Рио Тинто группийн охин компани болох Оюу Толгой ХХК нь Монгол дахь зэсийн үйл ажиллагаа эрхэлж буй газартаа авлига, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх мэдээлэл гарчээ. Улмаар Рио Тинто групп тус компанид дотоод мөрдөн байцаалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагаас тусламж хүсчээ.
Оюу Толгой ХХК энэ талаар мэдэгдэхдээ, “Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шалгах ажиллагаа явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна” гэжээ.
Рио Тинто групп нь Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг бөгөөд далд ордыг хариуцдаг байна. Мөн тус групп 2030 он гэхэд Оюу Толгой ХХК-г дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болгохоор төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн Газар тус уурхайн 34 хувийг эзэмшдэг. Оюу Толгойн олборлолтын талбай нь Рио Тинто группийн хамгийн том, үнэ цэнтэй өсөлтийн хөрөнгийн нэг бөгөөд сүүлийн улиралд үйлдвэрлэл 78 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч улс төрийн тогтворгүй байдал, зардлын хэт ачаалал, саатал зэрэг нь олон жилийн турш хөгжилд саад учруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: MINING.COM
Нийтэлсэн огноо2025-10-28





