Гол замуудын ачааллыг 30 хүртэл хувиар бууруулах Туулын хурдны замд түр зам тавьж байна www.gogo.mn
Туулын хурдны зам төслийн хүрээнд далангийн хөрс хуулалт, түр замын ажлууд эхэлжээ. Одоогоор талбайд 130 орчим хүн, 30 гаруй машин механизмтай ажиллаж байгаа аж. Урьдчилан хүчитгэсэн дам нуруу үйлдвэрлэх 70 мянган ам метр талбайгаас 30 мянган ам метрийг тодорхойлж, 20 мянган ам метр талбайд чулуун шороо тэгшлэх ажлыг бүрэн дуусгасан байна.
Туулын хурдны зам нь нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар–Налайхын авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 32 км урт, зургаан эгнээтэй байна.
Зам дагуу найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метрийн урттай туннель баригдана. Төслийн хамгийн урт байгууламж болох Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх 7.2 км гүүрэн хэсэг нь Туул гол дагуух эко зурвасын гадна байрлана.
Хурдны зам ашиглалтад орсноор нийслэлийн гол замуудын хөдөлгөөний ачаалал мэдэгдэхүйц буурах төлөвтэй байна. Тухайлбал, Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25%, Сонсголонгийн гудамжийн ачаалал 5–17 хувиар буурахаар тооцжээ.
Үүний зэрэгцээ хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, төвийн бүсийн түгжрэл багасахын зэрэгцээ агаарын бохирдол, дуу чимээ буурах, ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болох юм.
Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн иргэд илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, ажлын байрны өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.
Нийтэлсэн огноо2025-11-13





