Лхагва гаригт бүх нийтээр амарна www.news.mn
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр шинэ долоо хоногийн Лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 26-нд тохиож буй.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амрахаар хуульчилсан юм. Иймээс Монгол даяараа ирэх долоо хоногт дахин бүх нийтээрээ амрах болж байна.
Түүх сөхвөл 1924 оны зургадугаар сарын 3-нд хуралдсан МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв Хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын Их Хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
Уг Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заажээ.
Ийнхүү Монгол Улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэт үзэгдэл-Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.
Нийтэлсэн огноо2025-11-23





