2026 оны Хятадын нүүрсний бодлогын төлөв ба Монголд үзүүлэх нөлөө www.itoim.mn
Хүнийг ус, агаар тэтгэдэг бол манай улсын эдийн засгийг нүүрс, зэс зэрэг уул уурхайн түүхий эдүүд тэтгэдэг гэхэд хилсдэхгүй. Эндээс нүүрсийг аваад үзье. Монгол Улс өнгөрсөн онд 89.5 сая тонн нүүрс экспортолж, 5.7 тэрбум ам.доллар олжээ. Тэгвэл энэ онд тээврийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 90 саяд хүргэх зорилт тавиад буй. Энэ тоо бодит болоход урд хөршийн нүүрсний талаар авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүд ихээхэн нөлөөлнө.
Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч болох Хятад улс бүс нутгийн нүүрсний зах зээлийг, тэр дундаа экспортод түшиглэсэн Монгол Улсын нүүрсний салбарыг тодорхойлсоор ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд Хятадын нүүрсний бодлого хоёр үндсэн зорилтын хүрээнд хэрэгжиж байна. Нэг талаас эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас урт хугацааны уур амьсгалын зорилтуудаа үе шаттайгаар хэрэгжүүлэх явдал юм. Иймээс Хятад улс энэ жилийн төлөвлөгөөндөө нүүрснээс гэнэт татгалзах бус, харин илүү хатуу зохицуулалт дор, тогтвортой ашиглах бодлого барьж эхэллээ.
Тухайлбал, цахилгаан үйлдвэрлэгчдийг нүүрсний хэрэгцээнийхээ ихэнхийг дунд болон урт хугацааны гэрээгээр хангахыг шаардаж, нүүрс олборлогчдоос ч мөн адил нийт үйлдвэрлэлийнхээ томоохон хэсгийг тогтмол гэрээний хүрээнд нийлүүлэхийг үүрэг болгожээ. Эдгээр зохицуулалт нь үнийн огцом савлагааг бууруулах, нийлүүлэлтийн тасалдлаас сэргийлэх, эдийн засгийн тодорхой бус нөхцөлд аж үйлдвэр, эрчим хүчний салбарын тогтвортой ажиллагааг хангахад чиглэж байна.
Шинжээчдийн дийлэнх нь Хятадын нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд оргилдоо хүрч, цаашид тогтворжих эсвэл аажмаар буурах хандлагатай гэж үзэж буй. Тус улс 2030 оноос өмнө хүлэмжийн хийн ялгарлыг оргилд хүргэх, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэх зорилтын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг эрчимтэй нэмэгдүүлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх бодлого баримталж байна. Иймээс нүүрс ойрын болон дунд хугацаанд, ялангуяа цахилгаан үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгцээтэй хэвээр байх боловч Хятадын нүүрсний эрэлтийн өсөлт удааширч, цаашид тогтворжих, улмаар буурах төлөв давамгайлж байна. 2026 он гэхэд дотоодын нүүрсний олборлолт өндөр түвшинд хадгалагдаж, дулааны нүүрсний импортын хамаарал багасна гэж шинжээчид үзэж байна. Харин гангийн салбарын хэрэгцээтэй холбоотойгоор коксжих нүүрсний импорт харьцангуй тогтвортой байх ч барилга, үйлдвэрлэлийн идэвхээс ихээхэн хамааралтай хэвээр байх төлөвтэй байгаа аж.
Эдгээр чиг хандлага нь Монгол Улсад шууд нөлөө үзүүлнэ. Монголын нүүрсний салбар Хятадын зах зээлтэй ихээхэн хамааралтай байдаг нь нэг талаас боломж, нөгөө талаас эрсдэлийг давхар дагуулж байна. Энэ жилийн гол боломж нь газарзүйн ойр байршил, логистикийн давуу тал юм. Хятад улс найдвартай, улс төрийн хувьд тогтвортой нийлүүлэгчийг эрэлхийлж буй нөхцөлд Монголын, ялангуяа өндөр чанарын коксжих нүүрс зах зээлд сонирхол татсан хэвээр байна. Экспортын хэмжээ өндөр түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, гадаад валютын урсгалд чухал хувь нэмэр оруулах төлөвтэй. Түүнчлэн бусад нүүрс экспортлогч орнуудтай холбоотой геополитик, худалдааны тодорхой бус байдал нь Монголын хувьд Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлэх боломж юм.
Гэсэн хэдий ч манай улсын нүүрсний салбарт олон сорилтууд бий. Юуны өмнө нэг зах зээлээс хэт хамааралтай байдал нь хамгийн том эрсдэл юм. Хятадын эдийн засгийн өсөлт саарах, эрчим хүчний шилжилт эрчимжих, эсвэл бодлогын түвшинд нүүрсний импорт бууруулах шийдвэр гарвал энэ нь Монголын экспортын үнэ, орлогод богино хугацаанд шууд сөргөөр нөлөөлнө. Үүн дээр олон улсын нүүрсний үнийн савлагаа нэмэгдэж, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг хүндрүүлдэг.
Дэд бүтэц, ложистикийн хязгаарлалт ч мөн анхаарах ёстой асуудал хэвээр байна. Төмөр зам, хилийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд ахиц гарч байгаа ч гол боомтуудын ачаалал, тээврийн сүлжээ бүрэн гүйцэд хөгжөөгүй байдал экспортын үр ашгийг хязгаарлаж, зардлыг өсгөж байна. Хэрэв Хятад чанарын стандарт, нийлүүлэлтийн тогтвортой байдалд илүү өндөр шаардлага тавивал эдгээр сул тал илүү тод илрэх эрсдэлтэй.
Үүнээс харахад 2026 он хүртэл нүүрс Хятадын эрчим хүчний бүтцэд чухал байр сууриа хадгалах боловч эрэлтийн өсөлт саарч, импортын хамаарал багасах хандлага ажиглагдаж байна. Монгол Улсын хувьд энэ нь нүүрсний экспортоо хадгалах бодит боломжийг олгож буй ч зах зээлийн хэт хамаарал, дэд бүтцийн хязгаарлалт, урт хугацааны бүтцийн өөрчлөлт зэрэг сорилтуудыг давхар авчрах юм. Эдгээрийг амжилттай даван туулахын тулд стратегийн төлөвлөлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үе шаттай төрөлжилт зайлшгүй шаардлагатай.
By
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-01-12





