О.Цогтгэрэл: АН анхан, дунд шатнаасаа 100 хувь шинэчлэл хийнэ www.news.mn
Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гаригийн 11:00 цагт “4/11 мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг тогтмол зохион байгуулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллийг хүргэх юм. Өнөөдрийн /2026.01.15/ мэдээллийн цагаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын намрын чуулган завсарлаж, Ардчилсан намын хувьд илүү дотоод ажилдаа төвлөрсөн өдрүүд үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 09-ны өдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор бид бүхэнд дотооддоо хийх маш олон ажлууд байна. Ардчилсан намын улс төрийн зөвлөл өчигдөр /2026.01.14/ хуралдаж тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргасан.
Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусч байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан намын дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна.
Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна.
Улмаар дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийнэ. Их хурлаас гарч ирсэн үндэсний бодлогын хороо шинээр, албан ёсны Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Мөн эндээс шинэ улс төрийн зөвлөлөө томилж, бодлогын зөвлөлөө хуваана.
Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг зөвхөн Улсын дээд шүүхэд бүртгүүлж, хуульд нийцүүлсэн нэртэй үйл явц биш харин Ардчилсан намын өөрчлөлт шинэчлэлтийг 100 хувь хийх эхлэх цэг гэж үзэж байгаа. Төрийн данхар байдал, төрийн бүтцийн давхардал, хийдлийг шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурин дээрээ Ардчилсан нам хэвээр байгаа. Өчигдрийн хуралдаанаар бид зөвхөн дэд сайдуудын асуудал биш улс төрийн давхардсан 80 орчим албан тушаалтан, цаашлаад үйл ажиллагаа нь давхардаж байгаа 800 гаруй албан тушаалтны асуудлыг шийдвэрлэх боломж байна гэж үзсэн гэлээ.
Нийтэлсэн огноо2026-01-15





