1 RUSSIA PLEDGES UNINTERRUPTED FUEL SUPPLIES TO MONGOLIA FOR 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/21      2 MALAYSIA WINS APPEAL IN LAWSUIT BY FAMILY OF MURDERED MONGOLIAN WOMAN ALTANTUYA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/21      3 SOCIAL PROTECTIONS OVERLOOKED IN MONGOLIA–UK CRITICAL MINERALS COOPERATION WWW.EASTASIAFORUM.ORG  PUBLISHED:2026/01/21      4 PRIME MINISTER MEETS ITU SECRETARY-GENERAL IN DAVOS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/21      5 RIO TINTO REPORTS HIGHER Q4 COPPER OUTPUT AS HUGE MONGOLIAN MINE RAMPS UP WWW.SEEKINGALPHA.COM PUBLISHED:2026/01/21      6 NCT WISH HEADS TO MONGOLIA IN NEW TRAVEL VARIETY 'ON THE MAP,' PREMIERING TODAY WWW.ALLKPOP.COM PUBLISHED:2026/01/21      7 TUGRUG WEAKENS AGAINST EURO, RUBLE, AND YUAN ON MONTHLY AVERAGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/21      8 MONGOLIA’S COAL: RECORD VOLUMES, TOUGH PRICES — 2025 REVIEW & 2026 OUTLOOK WWW.CAPITALMARKETS.MN PUBLISHED:2026/01/20      9 EXPORTS OF COMBED CASHMERE REACH USD 330 MILLION UNDER THE 'WHITE GOLD”' MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/20      10 LOCAL LEADERS AGREE ON DECENTRALIZATION AND REFORM PRIORITIES FOR 2026 WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/20      ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     МОНГОЛООСОО ДҮРВЭГСДИЙН ПАРАДОКС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     П.БОЛДБААТАР: 43 ЖИЛ "ДЦС-4"-Т БҮРЭН ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЭГҮЙ, НЭГ ЗУУХ НЭМЭХ ГЭЭД 2018 ОНООС ХОЙШ ЯВЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     RIO TINTO, GLENCORE НЭГДЭХ ХЭЛЦЭЛ ИД ӨРНӨЖ БАЙХАД “ОЮУ ТОЛГОЙ”-Г ХЯТАД СОНИРХСООР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ: ТӨР УХАРЧ, ЗАХ ЗЭЭЛ УРАГШЛАХ УУ? WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ ОЛОН УЛСЫН ӨВИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     С.ШААРИЙБУУГИЙН ЭСРЭГ ДАВЖ ЗААЛДСАН МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, ХОЛБООНЫ ШҮҮХЭД ХАНДАХ НАЙДВАР ҮЛДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     НЕОСИТИ ХОТХОН ДУЛААН ХАНГАМЖАА БИЕ ДААСАН ЭХ ҮҮСВЭРЭЭС ШИЙДЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20     2026 ОНД АЯЛАХ ОРНУУДЫН ЖАГСААЛТАД МОНГОЛ УЛС НЭРЛЭГДСЭЭР БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/20    

Монголоосоо дүрвэгсдийн парадокс www.eagle.mn

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын тэргүүн С.Цэрэндэмбэрэлийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсанаар гадаад улсад амьдарч буй монголчуудын тоо хэдийнэ 300 000-д хүрчээ.
Эх орон, ээж, аав гээд хайртай бүхнээ орхин одсон монголчуудын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй гардаг. Хүмүүс өөрсдийн болон гэр бүлийнхээ амьдралын чанарыг сайжруулах, илүү сайн ажлын боломж олох, мөн аюулгүй, тайван орчинд амьдрахын тулд шилжин суурьшдаг. Энэ хөдөлгөөн нь эх нутаг дахь түлхэх хүчин зүйлс (зөрчилдөөн, эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт) болон очих газрын татах хүчин зүйлс (өндөр цалин, чанартай боловсрол, сайн нийгмийн үйлчилгээ) хослон нөлөөлснөөр үүсдэг. Шилжин суурьших буюу төрөлх нутгаа орхин цоо шинэ улсын зан заншил, соёл, нийгмийн харилцаанд оролцох, хэлийг нь сурахаас эхлээд эдийн засаг, нийгмийн зардал, сэтгэлийн түгшүүр зовнил өндөр тул шилжилт хөдөлгөөн өөрөө тодорхой “үнэ”-тэй. Гэсэн хэдий ч тэнд хүрэх ҮНЭ, энд байхаас илүү үнэ цэнтэй.
Эдийн засгийн бус цагаачлал
“Хувийн тансаг байдал, нийтийн доройтол” (Private Opulence, Public Squalor) хэмээх онол нь нийгмийн нэгэн төрлийн зөрчлийг тайлбарладаг. Энэ нь тухайн нийгмийн цөөн хэсэг нь асар их баялаг хуримтлуулж байхад, нөгөө талд нийтийн үйлчилгээ доголдож, олон хүн ядуу амьдрах нөхцөл бүрддэгийг илэрхийлнэ. Энэхүү ойлголтыг эдийн засагч Жон Кеннет Гэлбрэйт The Affluent Society (1958) бүтээлдээ анхлан дурдсан бөгөөд социологич Мэттью Дезмонд 2023 онд дахин гүнзгий судалжээ.
Уг онолын үндсэн санаа нь зах зээлийн эдийн засаг хувийн хэрэглээ, тансаг барааг нэн тэргүүнд тавьж, харин дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэмд зайлшгүй хэрэгтэй нийтийн баялгийг орхигдуулдгаас ийм байдал үүсдэг гэж үздэг. Үүний үр дүнд баячуудыг далд хэлбэрээр дэмжсэн, харин ядуусыг эдийн засгийн тогтворгүй байдалд үлдээсэн тогтолцоо бий болдог. Энэ нь ихэвчлэн чинээлэг хэсэгт ашигтай, харин ядуу хүмүүст хохиролтой бодлогоор дамжин хэрэгждэг. Энэ хэсгийг уншаад таны толгойд бидний амьдарч буй нийгэмтэй төстэй зураглал зурвасхан төрөв үү. Эндээс л эдийн засгийн бус цагаачлал, дүрвэх хөдөлгөөн, шилжин суурьшигчдын асуудал эхэлдэг. Эдийн засгийн бус дүрвэгсдийн гол шалтгаан нь хүрээлэн буй орчны доройтол, нийгмийн ялгаварлал, аюулгүй байдал, зөрчил мөргөлдөөнтэй бүс нутаг байдаг. Монголчуудын шалтгаан нь хүрээлэн буй орчны доройтол буюу утаа, нийгмийн доройтол буюу амьжиргаатай холбоотой байна.
2023 онд Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтран “Монгол Диаспорагийн өнөөгийн нөхцөл байдал” хэмээх судалгааг хийжээ. Судалгаанд дурдсанаар гадаад улсуудад амьдарч буй иргэдийн дийлэнх нь буюу 46 хувь нь сүүлийн таван жилийн хугацаанд Монголоос явжээ. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 35.3 бөгөөд дунджаар 6.6 жил тэндээ амьдарсан байна. Тэдний 70 гаруй хувь нь дээд боловсролтой, 67.1 хувь нь мэргэжилтэн.
Нийт гадаадад оршин суугчдын 27 хувь нь Өмнөд Солонгост, 20.5 хувь нь Америкт, 8 хувь нь Япон зэрэг оронд тархан амьдарч буй. Хөрш улсуудад амьдарч буй иргэдийн тоо Өмнөд Солонгост байгаагаас тав дахин бага буюу 11.5 мянга.
Дийлэнх монгол иргэн 2-5 жил амьдраад эргэж ирдэг ч Их Британи, Ирланд, Польш, Унгар, Герман зэрэг Европын орнуудад 11-ээс дээш жил амьдарсан иргэдийн төвлөрөл их гэсэн судалгааны тоон дүн байна.
Өмнөд Солонгос, Америк, Япон улсад эх орондоо амьдраад хүртэж чадахгүй ямар зүйл байна вэ? Их Британи, Ирланд, Германд бидний бий болгож чадахгүй юу байгаа гэж?
Өмнө дурдсан судалгаанд оролцогчдын гадаад улсад очоод амьдралд нь гарсан эерэг өөрчлөлт гэсэн асуултад
-          Эрүүл, утаагүй орчинд байгаа гэж 81.6%
-          Чанартай хүнс хэрэглэдэг болсон гэж 71.7%
-          Орлого, санхүү сайжирсан гэж 67.5%
-          Cоёл боловсрол, ур чадвар дээшилсэн гэж 53.4%
-          Хүүхдүүддээ хөрөнгө оруулалт хийсэн гэж 28.1%
-          Орон байрны нөхцөл сайжирсан гэж 28.1% нь хариулжээ.
Халаасандаа, дансандаа хэдэн төгрөгтэй байхаас үл хамааран Улаанбаатарт амьдарч буй хүн бүр утаагаар, нарийн ширхэгт тоосонцроор амьсгалж, Land 300, 400, 500 унах, нийтийн тээвэрт чихцэлдэж явсан ч ялгаагүй түгжрэлд хэдэн цаг гацдаг. Энд л хувийн тансаглал болон нийтийн доройтол гэх утга жинхэнэ утгаараа илэрнэ.
Онол хийгээд бодит амьдрал
Ж.К.Гэлбрэйтийн “Хувийн тансаг байдал, нийтийн доройтол”-ын тухай онолын үндсэн санааг өнөөдрийн Монгол Улсынхаа нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлахыг оролдъё.
Нийтийн баялгийн зах зээлийн доголдол
Зах зээл нь автомашин, цахилгаан хэрэгсэл зэрэг хувийн барааг үйлдвэрлэдэг ч ашиг багатай тул зам, сургууль, цэвэр агаар зэрэг нийтийн баялгийг хангалттай санхүүжүүлж чаддаггүй.
Хоёр тэрбум төгрөгийн “Андлалын өргөө” цогцолбор, нийслэлийн зургаан байршилд явган хүний замыг засаж шинэчилсэн 35.6 тэрбум төгрөг гэхчлэн үйлдвэрлэлийн бус үрэлгэн төсөлд төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар цацсан ч хүүхдүүд өвдөөд эмнэлгийн шалан дээр, сургууль цэцэрлэгт ангидаа агааргүйдэн 40-50-иараа шахцалдсан хэвээр олон олон жилийг угтаж, үдсээр. Ядаж цэвэр агаартай болгоно хэмээн хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь угаартсан амиа алдсан хүмүүсийн тоо, утаа нь багассан нь хор нь ихэдсэн шинэ түлшнээс өөр тоон шинэчлэлт авчирсангүй.
Энэ онд хэдэн гэр бүл үр хүүхдээ дагуулаад утаагүй улс руу зугтах бол?
Зохиомол хэрэгцээ
Сурталчилгаа нь тансаг хэрэглээний хэрэгцээг зохиомлоор бий болгож, хүмүүсийг өөрсдийгөө хангалуун мэт мэдрэхэд хүргэдэг ч нийтийн орчны доройтлыг халхалдаг.
Тэртээ 2009 оны намар Улаанбаатар хотноо цорын ганц тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүр үүдээ нээж байсан нь Францын алдарт “Louis Vuitton” брэндийн дэлгүүр байв. Харамсалтай нь хүн амын тоо, хотын бүү хэл улсынхаа эдийн засгийн чадавхаараа тансаг брэндийн дэлгүүртэй байх боломжгүй Улаанбаатарт нээгдсэн уг дэлгүүрийг гаднын шинжээчид мөнгө угаах хэрэгсэл, авлигын тод илрэл хэмээн дүгнэж байлаа. Удалгүй хаалгаа барьсан.
Ядруу улсын Ерөнхий сайдын хүү сүйт бүсгүйгээ тансаг брэндийн дэлгүүрээр зугаалуулж, тухайн эмэгтэй ам.долларын саятан шиг дэлгүүр хэсэж яваа зургаа цахим сүлжээнд бахартайлтайгаар нийтэлж олны хараанд өртсөн. Улмаар хадам аавынхаа карьерыг төгсгөж, “Огцрох амархан” гэдгийг харуулсан нь хэдхэн сарын өмнөх явдал. Энэ асуудал хувь хүний ёс зүйг бус нийгмийн доройтлын онолыг ч батлан харуулсан. Монголд болсонтой яг ижилхэн зүйл Непалд ч тохиосон.
Бодлогын хазайлт
Татварын хөнгөлөлт зэрэг төрийн бодлогууд ихэвчлэн баян хүмүүст илүү ашигтай байж, ядуурлыг бууруулахад зориулагдах нөөцийг багасгадаг.
АН-ын санаачилсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль мэдээлэлд ойр томоохон компанийн татварын өрийг барагдуулах гэсэн башир арга гэгдэн өнгөрсөн сарын сүүлээс эхлэн маргаантай сэдэв байсаар өнөөдрийг хүрлээ. Татварын бодлогын дутагдалтай талыг эдийн засагчид өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, өөр өөрийн зөвлөмжийг ярьж байгаа ч эрх баригчид татварын өртэй ААН-үүдийн дансыг битүүмжлэн, дансан дахь хөрөнгийг татан авснаар дампуурахдаа тулсан ААН-үүдийн дийлэнх нь жижиг дунддаа орох компаниуд, тэр дундаа шударгаар ажиллаж үйл ажиллагаагаа тайлагнаж, татвараа тушаадаг компаниуд болж таарсан. Ядуурлыг бууруулахад чиглэгдсэн бодлого боловсруулж, бодит үр дүн гартал хэрэгжүүлж чадахгүй байгаа ч ядууралд хөтлөх арга замыг олон янзаар санаачлан хэрэгжүүлж буйн жишээ олон бий. Хамгийн сүүлийнх нь Нийслэлийн такси гэх 77 тэрбумын өртөгтэй 2000 такси “ажиллуулах” төсөл нээлтээ хийсэн явдал байлаа.
Уруугаа харсан пирамид
Хүний амьд явах, амьдрахад нэн чухал хамгийн эхний бөгөөд энгийн хэрэгцээг пирамид хэлбэрээр харуулсан Маслоугийн пирамид гэж бий. Энэ пирамидаар амьд явах анхны хэрэгцээ нь агаар, ус, хүнс байдаг. Манай Монголд агаарын бохирдол гэж дарагддаггүй дайсан, ундны усны бохирдол гэж нүдэнд харагдаж, гарт баригддаггүй аюул, хүнсний аюулгүй байдал хэмээх хаа нэгтээ л сөхөгддөг асуудал бий. Анхдагч хэрэгцээгээ хангах нь “амьд үлдэх тэмцэл” болсон гэхэд хилсдэхгүй.


Нийтэлсэн огноо2026-01-21