Бөөрөлжүүт цахилгаан станц 256 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна www.eagle.mn
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Бөөрөлжүүт цахилгаан станцын түүхий нүүрс 42 хувийн чийгшилтэй байгаагаас болоод конвероор зөөсөн нүүрс цахилгаан зуух руу орох хэсэг дээр хөлдөж хүндрэл үүссэн. Үүнээс шалтгаалаад 300 МВт-ын хүчин чадалтай ажиллаж байсан Бөөрөлжүүт цахилгаан станц 120 МВт-ын хүчин чадалтай ажилласан. Эрчим хүчний яам, Дөрөвдүгээр цахилгаан станц, Диспетчерийн үндэсний төвөөс ажлын хэсэг гаргаад газар дээр нь ажиллуулж байна” гэсэн юм.
Бөөрөлжүүт цахилгаан станцад юу болсон талаар тус цахилгаан станцын Ашиглалт, үйл ажиллаганы газрын захирал Б.Ганбат мэдээлэл өгөхдөө “Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор цахилгаан станцад хүндрэл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн шөнө эрчим хүчний үйлдвэрлэл нэг цаг орчим буурсан. Шуурхай арга хэмжээ авсны үр дүнд одоо 256 МВт-ын хүчин чадлаар ажиллаж байна. Шөнөдөө манай станц орчоор -48, өдөртөө -30 орчим градус хүйтэн байгаа” гэлээ.
Бөөрөлжүүт цахилгаан станц жил дараалан тус бүр нь 150 МВт-ын хүчин чадалтай нэг, хоёрдугаар блокоо ашиглалтад оруулсан. Ингэснээр 963 мянган айл өрхийн хэрэглээтэй дүйцэхүйц цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа юм.
Нийтэлсэн огноо2026-01-22





