COP17 бага хурлын бэлтгэл хангах хүрээнд тендергүй, шууд худалдан авалт хийх эрхийг өгчээ www.itoim.mn
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Энэхүү бага хурлын бэлтгэлийг 2025 оноос хангаж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт суулгасаар ирсэн. Тухайлбал, 2026 оны улсын төсөвт нийтдээ 217 тэрбум төгрөгийг COP17 бага хурлын бэлтгэл ажлыг хангахад төсөвлөжээ.
Бага хурал зохион байгуулах байршлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг сонгосон бөгөөд тэнд ногоон, хөх гэсэн хоёр бүсэд түр угсрах барилга байгууламж барих ажил энэ гуравдугаар сараас эхлэх аж. Барилга байгууламж барих зардалд нийтдээ 150 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд зарим ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэх юм байна. Цагаан сарын өмнө хөх бүс дэх түр угсрах барилга байгууламж барих олон улсын сонгон шалгаруулалт зарлаж, ерөнхий гүйцэтгэгчээр Франц улсад төвтэй GL Events компани шалгарсан байна.
Тус компани нь 2011-2024 онуудад нийт 11 COP арга хэмжээнд үндсэн болон туслах гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Тодруулбал, тус байгууллага нь Рио-3 конвенц буюу UNCCD, UNFCCC, UNCBD конвенцуудын хурлуудын түр байгууламжийг НҮБ-ын стандарт шаардлагын дагуу барьж байсан. Мөн 2024 онд Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 16 бага хурлын /COP16/ түр байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэсэн туршлага зэргийг нь харгалзан сонгожээ.
Барилга байгууламжаас гадна тоног төхөөрөмж, техник хэрэгслийн зардалд нийтдээ 67.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгажээ.
COP17 бага хурлын энэ бүх худалдан авалтууд тендергүй буюу Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль үйлчлэхгүйгээр шууд худалдан авалт хийх эрхийг хурал зохион байгуулагч талуудад Засгийн газар өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас COP-ийн бэлтгэл ажил хангах хугацаа тулсан учраас тендер зарлаж цаг алдалгүйгээр шууд худалдан авалт хийх эрхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг эрх бүхий байгууллагуудад өгчээ.
Өмнө нь Монгол Улс АСЕМ зэрэг том хэмжээний олон улсын бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай. Гэхдээ АСЕМ-ын үеэр хийсэн шууд худалдан авалтууд эргээд авлига албан тушаал, эрх ашгийн олон асуудал дагуулсан түүх бий. Энэ түүх COP17 хурлын үеэр давтагдахгүй гэх баталгаа байхгүй.
Ийм эрсдэл гаргахаас сэргийлэх хүрээнд COP17 бага хурлын зохион байгуулалтыг хариуцсан ажиллаж байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир хурал дууссаны дараа бүх үйл ажиллагаа, худалдан авалтуудыг шалгаж өгөхийг хүссэн бичгээ АТГ болон Үндэсний аудитын газар хүргүүлээд байгаа юм байна.
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-02-24





