280 хоногийн өмнө огцорсон Л.Оюун-Эрдэнэ "Лхагвын тойм"-д ам нээнэ www.eguur.mn
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцроод яг 280 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хэвлэлд ер том хэмжээний ярилцлага өгч байгаагүй бөгөөд энэ долоо хоногийн лхагва гарагт "Лхагвын тойм" нэвтрүүлэгт орохоор болжээ. Тус нэвтрүүлэг |2026.03.11|-нд шууд цацагдах юм байна.
Л.Оюун-Эрдэнэ бол 2021 оноос хойш дөрвөн жил гаруй хугацаанд Ерөнхий сайдын албыг хашсан байдаг. Мөн МАН-ын даргын үүргийг давхар биелүүлж явсан. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард хүү О.Тэмүүлэнгийнхээ тансаглалтай холбоотой асуудлаар АТГ-т орлогоо нотлох шаардлага үүссэн. Мөн залуусын "Огцрох амархан" жагсаал, олон нийтийн эсэргүүцэл ч хурц байв.
Улмаар "Итгэл үзүүлэх" асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо" гэсэн нь, мөн нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайдын суудлаасаа буусан. Тухайлбал, санал хураалтад 82 гишүүн оролцсоны 44 нь дэмжсэн. Үндсэн хуулиар, ирцээр бус нийт 126 гишүүний олонхын дэмжлэг авах зохицуулалттай. Иймд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дэмжигдээгүй байдаг.
Огцрох үедээ тэрбээр "Миний бие болон хамтарсан ЗГ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Цар тахал, дайн, тариф зэрэг олон ээдрээтэй цаг үед ард түмэндээ үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа.
100 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин ялалтаар түүчээлсэн нь миний амьдралын бахархалт түүх болон үлдэнэ. Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж ажилласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд талархал илэрхийлье.
Хамтарч ажилласан АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт, нийт бүрэлдэхүүндээ, бүх талаар дэмжсэн УИХ-ын эрхэм гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дараагийн Монгол Улсын Ерөнхий сайдын ажилд өрнүүн их амжилт хүсье. Намайг дэмжсээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ардчилсан нийгмийн ирээдүй болсон залуустаа талархаж байна. Надад итгэсэн, үзэл санаа нэг эрхэм гишүүддээ баярлалаа.
Өнөөдөр ордонд хүчин мөхөстөж байгаа ч олон нийтийн үзэл санаа өөр байгааг би мэднэ. Аалзны тор мэт ашиг сонирхол ард түмнийг дийлнэ гэж хэзээ ч үгүй. Мөнх хөх тэнгэрийн дор ардчилсан Монгол Улс үүрд оршиг" гэсэн юм.
Тэрбээр ийн суудлаа өгснөөс хойш хэвлэлд яриа өгөөгүйн дээр чуулганы танхим, гишүүний өрөөндөө ч үзэгдэхээ больсон. Зарим хэвлэлд түүнийг өнгөрсөн хугацаанд БНСУ-д байж, саях ирсэн тухай нийтлээд буй билээ.
О.ОНОН
Нийтэлсэн огноо2026-03-09





