“Гурвантэс-XXXV” төслийн хийн гарц 33 хувиар өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ www.gogo.mn
“Тэлмэн Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гурвантэс-XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн туршилт олборлолтын хийн гарц эрчимтэй өсжээ.
Нарийнсухайтын талбайн цооногоос өдөрт 900 шоо метрийг давж, шинэ дээд үзүүлэлт тогтоолоо. Мөн хийн дундаж олборлолт өдөрт 873 шоо метрт хүрсэн нь өмнөх сарын өдрийн дундаж 583 шоо метртэй харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ялангуяа 2025 онд өрөмдсөн, LF-07 цооногоос гарч буй хийн гарц сүүлийн хэдэн сард тасралтгүй нэмэгдсэн нь төслийн нийт олборлолтын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Одоогоор нийт цооногоос гарч буй хийн хэмжээ нь эрчим хүч үйлдвэрлэх анхан шатны генератор ажиллуулах боломжтой түвшинд хүрэх шатандаа ойртжээ. Төслийн хүрээнд энэ онд багтаан, орон нутгийн цахилгаан түгээх сүлжээнд анхны цахилгаан эрчим хүч нийлүүлэх зорилт тавин, холбогдох хэлэлцээр болон бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хийж байна.
Мөн төслийн дараагийн шатанд нэмэлт туршилт-олборлолтын цооног өрөмдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна гэж тус компаниас мэдээлэв.
Нийтэлсэн огноо2026-03-09





