Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо www.eagle.mn
Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээ буюу Усны компакт буюу “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”хөтөлбөр энэ сард хэрэгжиж дуусна. Дотрооо гурван дэд төслөөс бүрдэж буй тус хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн нэг төсөл болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Төв цэвэрлэх байгууламжийг түшиглэн барьсан энэ үйлдвэр цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал усыг дахин боловсруулж III, IV цахилгаан станцад нийлүүлэх юм. III, IV цахилгаан станц нь үсээ зайлуулах, цамхагаа хөргөх зорилгоор цэвэр ус ашигладаг. Харин энэхүү үйлдвэр ашиглалтад орж дахин боловсруулсан усыг цахилгаан станцуудад нийлүүлж эхэлснээр цэвэр ус хэмнэж эхэллээ. Монголын анхны Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй хаягдал уснаас жилд 18 сая метр кубыг дахин боловсруулах юм. Ингэснээр жилд энэ хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх боломж бүрдэж байна. 18 сая метр куб гэдэг нь 0.5 литрээр савласан 36 тэрбум ширхэг устай тэнцэх хэмжээ юм.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Сангийн сайд бөгөөд Монголын Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, АНУ-ын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл Жорж Десомбрэ тэргүүтэй хоёр орны төр, засгийн өндөр дээд түвшний төлөөлөгчид оролцлоо.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нь дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц болон холбогдох бусад дэд бүтцийн хамт баригдсан юм. Уг үйлдвэрийг цаашид Ус сувгийн удирдах газар хариуцан ажиллах бөгөөд Усны компакт хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүдээ Нидерланд улсад сургалтад хамруулсан юм.
Нийтэлсэн огноо2026-03-16





