Руссофоби: Төв Ази түүхээ эргэн харж байна www.news.mn
Москвад болсон Киргиз-Оросын түүхчдийн зөвлөлийн хуралдааны үеэр Оросын судлаачид Киргизийн дунд сургуулийн түүхийн сурах бичигт Хаант Орос болон Зөвлөлтийн үеийг “колончлол” хэмээн тодорхойлсныг шүүмжилжээ. Харин уг сурах бичгийг боловсруулсан киргиз түүхчид байр сууриа өөрчлөхөөс татгалзаж, Хаант Орос болон Зөвлөлтийн дэглэм аль аль нь колончлолын шинжтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш Киргизстан дахь Оросын талаарх ойлголт эрс өөрчлөгджээ. Бишкек хотын сэхээтнүүд, судлаачид Орос болон Зөвлөлтийн ноёрхлын үед гарсан цэргийн хүчирхийлэл, эдийн засгийн мөлжлөг, цөмийн туршилт, байгаль орчны сүйрлийн талаар илүү нээлттэй ярьдаг болсон байна.
Ялангуяа залуу үеийн түүхчид Зөвлөлтийн дэглэмийг Африк, Азид хэрэгжиж байсан Европын колончлолтой адилтган үзэх хандлага нэмэгджээ.
Үүний зэрэгцээ Оросын цэрэг, колончлолын бодлоготой холбоотой түүхэн баримтуудыг дахин шинээр, шүүмжлэлтэй өнцгөөс судалж эхэлсэн байна. Судлаачдын үзэж буйгаар Зөвлөлтийн үеийн “хөгжил дэвшил” гэх ойлголт нь хэлмэгдүүлэлт, хэл соёлын устгал зэрэгтэй дүйцэхүйц байсан тул яаж ч зөвтгөж чадахгүй аж. Тухайлбал, Зөвлөлтийн үед XIX зууны судлаач Николай Пржевальскийг Төв Азид Оросын нөлөөг тогтооход хувь нэмэр оруулсан хэмээн магтан алдаршуулдаг байжээ. Гэвч тэрээр Төв Азийн ард түмнийг “соёлгүй, бүдүүлэг” хэмээн үзэж, киргизүүдийн талаар доромжилсон үг хэлж байсан нь өнөөдөр дахин сөхөгдөж байна.
Мөн Пржевальский аяллынхаа үеэр нутгийн иргэдийг, тэр дундаа хүүхдүүдийг хүртэл хөнөөж байсан тухай баримтуудыг киргиз судлаачид дэлгэн тавьж эхэлжээ.
Элмира Абылбекийн удирдсан “Esimde” буюу “Би санаж байна” төслийн хүрээнд 1916 онд Хаант Оросын цэргийн дайчилгаанаас зугтан Хятад руу дүрвэсэн киргиз гэр бүлүүдийн талаар өргөн хүрээний судалгаа хийгдсэн байна. Киргизүүд энэ эмгэнэлт үйл явдлыг “Үркүн” хэмээн нэрлэдэг. Төслийн судлаач Гулзат Алагозын хэлснээр, Ысык нуур орчмын бараг бүх тосгонд Үркүний хохирогчдод зориулсан дурсгал байдаг аж. Мөн Зөвлөлтийн үеийн өөр нэг эмгэнэлт үйл явдал болох 1924–1932 онд киргизүүдийг Украин руу албадан цөлсөн түүхийг ч судлаачид ил болгожээ. 1991 онд Бишкек хотын ойролцоо 137 хүний шарил бүхий нууц булш илэрсэн бөгөөд тэдний дунд улс төрийн нэртэй зүтгэлтнүүд байсан. Үүний дараа Киргизстан даяар ижил төрлийн олон нууц булш байж болзошгүй тухай хүмүүс мэдээлж эхэлжээ.
Оросын судлаачид шинэ сурах бичгийг шүүмжилсэн нь Москва өөрийгөө Ази дахь “соёл иргэншлийг түгээгч хүч” гэж үзсээр байгааг харуулж байна. Зарим орос сэтгэгчид Төв Азийг захирч байсан нь оросуудад “давуу үндэстэн” гэх ойлголт төрүүлдэг байсан гэж үздэг. Оросын зохиолч Фёдор Достоевский хүртэл “Европт бид дагалдагчид, боолууд байсан. Харин Азид бид эзэн мэт харагддаг” хэмээн бичиж байжээ.
Киргизстан тусгаар тогтносноос хойш олон жилийн турш сургуулийн сурах бичигтээ ЗХУ-ыг бүс нутгийг орчин үеийн болгосон эерэг хүчин мэтээр дүрсэлдэг байсан. Гэвч 2022 онд Орос Украинд халдсанаас хойш Төв Азийн эрдэмтэд Орос төвтэй түүхийн тайлбараас илүү нээлттэй татгалзах болжээ. Киргизийн түүхч Элери Битикчи 1990-ээд онд түүх судлахдаа Оросын колончлолын тэлэлтийг биширч сурсан тухайгаа дурдсан байна. Түүний хэлснээр, тухайн үед нүүдэлчин ард түмнийг “хоцрогдсон” гэж үздэг. Оросын колони захиргааны түшмэд өөрсдийгөө “орчин үеийн хөгжил авчрагчид” хэмээн танилцуулдаг байжээ.
Гэвч бодит байдал дээр тэд нүүдэлчдийг хяналтдаа оруулахыг зорьж байсан аж.
Өнөөдөр ч Орос улс Төв Азийн талаар ярихдаа колончлолын өнгө аястай, дээрэнгүй хандлага ашигласаар байна. 2024 онд телевизийн хөтлөгч Тина Канделаки Киргизстан дахь генерал Панфиловын нэрэмжит Зөвлөлтийн Цэргийн алдрын музейг нураасныг шүүмжилсэн. Панфилов нь Дэлхийн II дайнаас өмнө ЗХУ-ын Төв Азид ноёрхлоо тогтооход оролцож байсан хүн юм. Мөн 2024 онд Узбекистаны Ташкент хотод болсон нэгэн хэрэг Оросын хэвлэл мэдээллээр “оросфоби” хэмээн тайлбарлагдсан байна. Тухайлбал, нэгэн сурагч хичээлийг орос хэлээр заахыг хүссэний дараа багш уурласан бичлэг цахим сүлжээнд тархжээ. Үүний дараа Оросын төрийн төлөөлөгч Евгений Примаков үүнийг “оросын эсрэг үзэл” гэж нэрлэсэн. Гэвч бодит байдал дээр багшийг улс төрийн байр сууринаас бус, сурагчид хүч хэрэглэсэн шалтгаанаар ажлаас нь халсан байна.
Орос хэл Бишкек болон орос үндэстэн олноор амьдардаг бүсүүдэд өргөн хэрэглэгдсээр байгаа бөгөөд Оросын мэдээлэл, суртал ухуулгын нөлөө ч Киргизстанд хэвээр байна. Гэсэн ч колончлолоос ангижрах тухай хэлэлцүүлэг орос хэл дээр хүртэл өрнөж байгаа нь онцлог юм.
Зөвлөлтийн үед Төв Азийн ард түмнийг хүчтэй оросжуулж, төрөлх хэлнийх нь оронд орос хэлийг хэрэглэхийг шахаж байсан тул олон хүн хэл, соёлынхоо нэг хэсгийг алдсан мэт мэдэрдэг болжээ.
Төв Азийн орнууд өнөөдөр хуучин колони үзлээс аажмаар татгалзаж байгаа ч Орос улс бүс нутаг дахь нөлөөгөө улс төрийн холбоотнуудаараа дамжуулан хадгалсаар байна. Казахстан улс 1930–1933 оны Ашаршылык өлсгөлөнг байгалийн гамшиг бус, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сүйрэл гэж үзэх болсон.
Мөн казах хэлний хэрэглээг нэмэгдүүлж, кирилл үсгээс аажмаар татгалзаж байна.
Узбекистан улс Зөвлөлтийн дэглэмийн эсрэг тэмцэж байсан Жадид болон Басмачийн хөдөлгөөнүүдийн судалгааг өргөжүүлж, тэднийг үндэсний тусгаар тогтнолын бэлгэдэл болгон харуулах болжээ. Харин Киргизстан Оросыг шууд өдөөн хатгахгүй байх тал дээр илүү болгоомжтой хандсаар байгаа. Тухайлбал, 1916 оны Хаант Оросын хэлмэгдүүлэлтийн талаар хязгаарлагдмал хэмжээнд ярьж, большевикуудыг “аврагчид” мэтээр дүрслэх хандлага хэвээр байна.
Гэсэн хэдий ч киргиз түүхчид Оросын судлаачдыг ил тод шүүмжилж эхэлсэн нь онцгой ач холбогдолтой юм. Энэ нь Москваг дэмждэг Киргизийн засгийн газрын албан ёсны байр суурьтай хүртэл зөрчилдөж байна. Киргизийн нийгэмд колончлол, суртал ухуулгын талаар илүү нээлттэй хэлэлцэх орон зай бий болгож байна.
Кремль колончлолоос ангижрах хөдөлгөөнүүдийг сулруулахын тулд шүүмжлэгчдийг “оросын эсрэг үзэлтэн”, “руссофоби” хэмээн буруутгах нь түгээмэл болсон.
Орон нутгийн хэл, соёлыг хамгаалах оролдлогыг тусгаар тогтнолоо бэхжүүлэх алхам гэх бус, харин Оросын соёлд халдсан үйлдэл мэтээр тайлбарлах хандлага ч ажиглагддаг.
Оросын эзэнт гүрэн болон Зөвлөлтийн үеийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлтийн талаархи баримтууд улам олноор ил болсоор байгаа энэ үед Төв Азийн олон улс төрч, судлаач Оросын ноёрхлыг “чөлөөлөлт” бус, “колончлол” гэж тодорхойлох болжээ. Үүний зэрэгцээ түүхэн шарх, зовлонгийн талаар ил тод ярихыг хүсдэг үндсэрхэг үзэлтнүүд болон ийм шинэ тайлбарыг хязгаарлахыг хүсдэг Кремлийн хоорондын зөрчил улам гүнзгийрч байна.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
Нийтэлсэн огноо2026-05-28





