Л.Энх-Амгалан: 300 мянган "Google chromebook"-ний үйлдвэрийг монголд барина www.gogo.mn
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр боловсролын салбарт зарцуулах санхүүжилт өндөр байгааг гишүүд онцлов.
Хариул болгож, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, "Зарцуулах төсвийн хэмжээгээрээ энэ салбарт илүү анхаарал хандуулж байна" гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Галбадрах асуулт асуулаа. Тэрээр, "Монгол Улсад хамгийн тулгамдсан асуудал бол ядуурал. Ядуурлаас гарах ганц зөв зам нь боловсролын чанар. Өмнө жил боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогууд ярьж байснаасаа ухарсан байна. Жишээлбэл, 108 сургууль, 95 цэцэрлэг гэдэг асуудлыг өчнөөн л ярьж байна. Учир нь сургууль нэмж барьснаар нэг ангид суралцаж байгаа хүүхдийн тоог 40-оос доош тоотой байлгая гэдэг үндсэн агуулгатай.
Чанартай боловсрол авч чадахгүй эрх ашиг нь зөрчигдөөд байгааг л арилгах гээд байгаа юм.
Нөгөө талаас багшийн дутагдлыг арилгана гэсэн атлаа ямар ч төсөв тусгагдаагүй. Үүнд 20 тэрбум төгрөг оруулъя гэсэн миний санал дэмжигдээгүй. Цалин нэмж байгаа хэрэг биш, энэ бол төсөл хөтөлбөр юм уг нь.
Сүүлийн үед хиймэл оюун ашиглахад анхаарч байна. Тэгвэл дэлхий нийтэд яг одоо трэнд болгон ярьж байгаа сэдэв бол технологи нь боловсролд хэрэгтэй ч хэт их ашиглавал, хүүхдийн тархины хөгжил, суралцах чадвар, сэтгэцийн эрүүл мэнд, уншиж ойлгох чадварт маш сөрөг нөлөөлж байна гэдгийг хэд хэдэн улс оронд санаачилга гаргаад байна" гэв.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан хариулахдаа, "Цахим шилжилтийг сайн хийж чадах юм бол хот хөдөөгийн болон хувийн сургуулийн сургалтын чанарыг ялгаа арилах хамгийн гол механизм гэж харж байгаа. Өчигдөр мөн ЗГ-аас, хүүхэд бүрийг компьютертой болгох 300 мянган "Google chromebook"-ний үйлдвэрийг монголд барих шийдвэр гарсан. Гэхдээ төсвөөс бус санхүүгийн түрээсийн эх үүсвэрээр барина.
Ингэснээр нэг багш, нэг хиймэл оюун, нэг сурагч, нэг туслах багш гэсэн үндэсний платформыг есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд монгол хэл, математикийн хичээлээр эхлэх гэж байна. Ингэснээр монгол хоёр хүүхдийн нэг нь уншаад ойлгодоггүй гэсэн PISA-ийн үнэлгээний асуудалд тодорхой дэвшил болох цахим шилжилтийг хийж эхэлж байна.
14 цаг 31 минут
2026.05.28
УИХ-ын чуулганы хуралдаан 10 цагт эхэлснээр завсарлалгүйгээр үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэх юм.
Одоогоор “Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Нийтэлсэн огноо2026-05-28





