Нийслэлд хийгдсэн томилгоонууд www.itoim.mn
Нийслэлийн шинээр томилогдсон Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа аваад найм хонож байна. Тэрээр анх томилогдохдоо өмнөх Засаг даргын багийг солихгүй, туршлага, ур чадвартай бол хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байсан.
Тэгвэл тэрээр энэ 7 хоногт ажлын албаны дарга болон хуулийн зөвлөхөө томилсон байна. Сонирхолтой нь хуулийн зөвлөх болон ажлын албаны дарга нь хоёулаа Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар ажиллаж байхад багт нь ажиллаж байсан залуучууд байгаа юм.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаярыг томилжээ.
Ж.Эрдэнэбаяр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан юм. Өмнө нь тэрээр Соёлын сайд Ч.Номингийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгвэл хотын шинэ дарга Б.Пүрэвдагва ажлын албаны даргаараа томилсон байна.
Мөн хуулийн зөвлөхөөрөө УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатыг томилсон байна. Тэрээр Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм. Харин Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар чөлөөлөгдсөний дараа өөрийн хүсэлтээр дэд даргын ажлаа мөн өгч байсан юм.
Одоогоор хотын дарга Б.Пүрэвдагва өөр шинэ томилгоо хийгээгүй байна. Нийслэлийн Засаг даргын хувьд хоёр орлогч болон хотын менежер чухал албан тушаал. Гэхдээ Б.Пүрэвдагва хотын дарга Х.Нямбаатар даргын багт ажиллаж байсан хүмүүсийг аль болох халж, солихгүй туршлагатай зүтгэлтэй бол хамтран ажиллана гэдгээ хэлсэн билээ.
Нийтэлсэн огноо2026-06-03





