ТОСК-ийн нэрийг барьж, орон сууцанд оруулна гэх залилан эрс нэмэгджээ www.eguur.mn
Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна хэмээн иргэдийг залилах тохиолдол олноор гарч буй тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг. Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т: “Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг. Иймд одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Төслүүдийн явц:
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур–1008” төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй орон сууцны хороолол бөгөөд барилга байгууламжийг хүлээн авах, хүлээлгэн өгөх шатандаа явна.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Солонго 1”, “Солонго 2” төслүүд одоогоор ашиглалтад ороогүй байна.
Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлнэ.
Тиймээс иргэд худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.
Нийтэлсэн огноо2026-06-03





