“KT” корпорац ХХБ-тай хамтран БНСУ-д зорчих монголчуудад санхүү, харилцаа холбооны нэгдсэн үйлчилгээ санал болгоно bloombergtv.mn
БНСУ-ын харилцаа холбооны тэргүүлэгч оператор “KT” корпорац Худалдаа Хөгжлийн банк болон “Woori Bank”-тай хамтран БНСУ-д зорчих, оршин суух Монгол Улсын иргэдэд зориулсан банк санхүү, харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Талууд мягмар гарагт Сөүл хотноо харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, түншлэлээ
албан ёсоор эхлүүлсэн байна.
Хамтын ажиллагааны хүрээнд монголчууд БНСУ-д очмогцоо банкны данс нээлгэх, гар утасны үйлчилгээ авах үйл явцыг нэг дороос шийдэх боломжтой болох аж. Мөн “KT”-ийн тусгай багцын хүрээнд монголчуудаас гадаадын иргэний бүртгэлийн бичиг баримт шаардахгүй, зөвхөн гадаад паспортоор 5G дата үйлчилгээ идэвхжүүлэх боломж
бүрдүүлжээ.
Үүнээс гадна Монгол руу хийх олон улсын дуудлагад сар бүр 200 хүртэлх минутын үнэгүй эрх олгох, мөнгөн гуйвуулгын шимтгэлийг хөнгөлөх зэрэг өдөр тутмын хэрэглээнд чиглэсэн давуу талуудыг санал болгохоор төлөвлөжээ.
“KT” болон “Woori Bank” цаашид БНСУ-д амьдарч буй гадаад иргэдийн хэрэглээний хэв маяг, тулгамддаг асуудлуудыг судалж, тэдгээрт тохирсон шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэхээр төлөвлөснөө мөн онцолсон байна.
Нийтэлсэн огноо2026-06-10





