Дэлхийн Банк группийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Викториа Делмон томилогджээ www.montsame.mn
Дэлхийн Банк групп Монгол дахь Суурин төлөөлөгчөөрөө Викториа Делмоныг томилжээ.
Суурин төлөөлөгч нь төр, хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгийг улам сайжруулах хүрээнд Дэлхийн Банк, Олон улсын санхүүгийн корпораци, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлагийг Монгол Улсад нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг юм. Улаанбаатар хотод суурин ажиллах хатагтай Делмон нь Дэлхийн Банк группийн Монгол дахь үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эдийн засгийг төрөлжүүлэх, хувийн хөрөнгө оруулалт татах, олон, чанартай ажлыг байр бий болгох чиглэлээр улс орны хүчин чармайлтыг дэмжин ажиллана гэв.
"Байгалийн арвин нөөц баялагтаа түшиглэн Монгол Улс хувийн хэвшлийн шинэ хөрөнгө оруулалт татах, илүү төрөлжсөн, цочролыг сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засгийг цогцлоох боломжтой" хэмээн Дэлхийн Банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмон хэлэв. Тэрбээр мөн “Дэлхийн Банк групп нь Засгийн газар болон хувийн хэвшилтэй хамтран хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн өсөлт, ажлын байр болон урт хугацааны хөгжилд хөтлөх шинэчлэлийг дэмжин ажиллах болно” хэмээн онцоллоо.
Их Британийн иргэн хатагтай Делмон нь Африк, Зүүн Европ, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан дэд бүтцийн санхүүжилт, компанийн нэгдэл, худалдан авалт, дэд бүтцийн төслүүдийн бүтэц, бодлогын шинэчлэлийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай ажээ. Тэрбээр анх 2006 онд Дэлхийн Банкинд Хууль, эрх зүйн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгчийн харьяа газарт хуулийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилогдсон бөгөөд дараа нь Усны асуудал хариуцсан газарт ажиллаж байв. Улмаар 2020 онд Олон улсын санхүүгийн корпорацийн Сингапурт байрладаг Ази, Номхон далайн бүсийн Дэд бүтцийн газарт Хөрөнгө оруулалт хөгжүүлэлт, зөвлөх үйлчилгээ хариуцсан менежерээр шилжин ажиллаж, хөрөнгө оруулалт хөгжүүлэх, зах зээл бий болгох, банкны санхүүжилт татах боломжтой дэд бүтцийн төслүүдийг боловсруулах чиглэлээр мэргэшсэн багийг удирдан ажилласны дотор Монгол Улсын хэд хэдэн төсөл багтаж байв.
Оксфордын их сургуульд хуулийн магистрын зэрэг хамгаалсан хатагтай Делмон Лондон дахь Freshfields Bruckhaus Deringer хуулийн фирмд ажлын гараагаа эхлүүлж, дараа нь Veolia Environnement нийтийн үйлчилгээний компанид олон улсын хуульчаар ажилласан. “Олон улсын төслийн санхүүжилт ба төр хувийн хэвшлийн түншлэл” номыг хамтран редакторлаж, дэд бүтцийн салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, урамшуулалд суурилсан зохицуулалт ба бизнесийн санхүүжилтийн талаар хамтарсан бүтээлүүд нийтлүүлжээ.
Нийтэлсэн огноо2026-07-27





