Зэсийн экспорт нүүрсийг давж, эдийн засгийн шинэ тулгуур болж байна www.itoim.mn
Монгол Улсын эдийн засгийг олон жилийн турш нүүрсний экспорт тэтгэж ирсэн. Харин өнгөрсөн онд түүхэндээ анх удаа зэсийн баяжмалын экспортын орлого нүүрсний экспортын орлогыг давсан билээ. Энэ онд ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч зэсийн ханш өссөнөөр уг өөрчлөлт улам тодорч, оны эхний хагаст зэсийн экспортын орлого нүүрснийг дахин давлаа. Тодруулбал, оны эхний зургаан сард нийт экспортын орлогын 87.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлснээс 44.7 хувийг зэсийн баяжмал, 37.9 хувийг нүүрсний экспорт эзлэв. Энэ хугацаанд Монгол Улс 56.8 сая тонн нүүрс экспортолж, 3.94 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс экспортын биет хэмжээ 21.7 сая тонноор, орлого нь 1.4 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт боловч нүүрсний үнийн уналт орлогын өсөлтийг хязгаарласан хэвээр байна.
Харин зэсийн баяжмалын экспорт 1.31 сая тоннд хүрч, 4.65 тэрбум ам.долларын орлого олсноор нүүрсний экспортын орлогыг давлаа. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 253.3 мянган тонноор өсөж, орлого нь 2.3 тэрбум ам.доллараар буюу 1.9 дахин нэмэгджээ.
Зэсийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой. Дэлхий даяар AI дата төвүүд олноор байгуулагдаж, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимжиж, сэргээгдэх эрчим хүчний төслүүд тэлж буй нь уг бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлж байна. Үүний нөлөөгөөр Лондоны металлын бирж (LME)-д цэвэршүүлсэн зэсийн ханш тонн тутамд 13,645 ам.долларт хүрээд байна. Зэсийн үнийн төлөвийг олон улсын хөрөнгө оруулалтын банк, судалгааны байгууллагууд өөдрөгөөр үнэлж байна. Тухайлбал, Goldman Sachs энэ оны эцэст нэг тонн цэвэршүүлсэн зэсийн үнэ 13,735 ам.долларт хүрнэ гэж таамагласан нь өмнөх төсөөлөл болох 12,465 ам.доллароос 10 гаруй хувиар өндөр үзүүлэлт юм.
Манай улсын экспортын хамгийн том бүтээгдэхүүн нүүрс хэвээр байх магадлал өндөр. Гэвч экспортын орлогын бүтэц өөрчлөгдөж эхэлснийг статистик хэдийнэ харуулж байна. Хэрэв дэлхийн зах зээл дэх зэсийн эрэлт өндөр хэвээр байж үнийн өсөлт хадгалагдвал Монголын эдийн засгийг тодорхойлох гол түүхий эдийн байр суурь нүүрсээс зэс рүү аажмаар шилжих магадлалтай. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн орлого, валютын урсгал, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл цаашид зөвхөн нүүрсний зах зээлээр хязгаарлагдахгүй зэсийн эрэлт, үнийн мөчлөгөөс ч ихээхэн хамаарах шинэ үе эхэлж байна. Ийм нөхцөлд зөвхөн таатай мөчлөгийг хүлээхээс илүү бодлогоороо энэхүү боломжийг ашиглах нь чухал. Үүний тулд хайгуулыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, баяжуулах болон боловсруулах үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай юм. Ингэж чадвал дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж буй зэсийн эрэлтийг түр зуурын үнийн өсөлт бус Монголын эдийн засгийн дараагийн өсөлтийн хөдөлгөгч хүч болгон ашиглах боломж бүрдэнэ.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-07-27





